Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийт 35 асуудал хэлэлцлээ.
Цаг үеийн шинжтэй хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд ерөнхий сайдаас үүрэг чиглэл өгсөн. Дотоодын зах зээлийн үнэ өсөж байгаа гэдэг асуудал жил бүр гардаг. Бид хоёр сарын хугацаанд судалгаа хийж ажиллалаа. 50 гаруй мянган тонн мах иргэдийн гар дээр байна гэдэг мэдээлэл байна. Эдгээр махыг ченжүүд хямдаар худалдан авч нийслэлийн иргэдэд өндөр үнээр борлуулагдаж байгаа.
Иймд гар аргаар нядалсан махыг эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа тодорхойлолттойгоор Хөдөө аж ахуйн биржээр дамжуулж мах бэлтгэлийн компаниуд худалдан авч, Улаанбаатарчуудын хэрэгцээг хангах чиглэлийг нэгдүгээр сард өгч байсан.
Үүний дагуу мах бэлтгэлийн компаниудтай Засгийн газар болон Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны зүгээс уулзалт зохион байгуулж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нөөцөд 6,000 орчим тонн мах байна. Мах бэлтгэлийн компаниудад зах зээлд нийлүүлэх боломжтой 2,000 орчим тонн үхэр, хонины мах байгаа. Ялангуяа тав, зургаадугаар сард нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газраас үргэлжлүүлэн арга хэмжээ авч ажиллана.
Цас, зудын нөхцөлөөс үүдэн мал тарга тэвээрэг алдсан байгаа. Шинэ махыг зах зээлд нийлүүлэх боломж байхгүйг харгалзан үзэж, уг шийдвэр гаргасан.
Түүнчлэн малын хорогдол өнөөдрийн байдлаар 6 саяд хүрсэн. Урьдчилсан байдлаар 20 сая толгой мал хорогдоно гэдэг судалгаа гарсан. Энэ нь 20 мянга орчим малчин малынхаа 70-аас дээш хувийг алдах эрсдэл байна. Ийм учраас малчдад урт хугацаатай хүүгүй зээл олгоно. Хөдөлмөр нийгмийн хамгааллын харьяа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 107 тэрбум төгрөг байгаа. Эндээс малгүй болсон иргэдэд 5-8 сая төгрөгийн хүүгүй урт хугацаат зээл олгож, дэмжлэг үзүүлнэ.
Бэлчээрийн мал аж ахуй цаашдаа энэ хэлбэрээр эрсдлийг даван туулах боломжгүй учраас Засгийн газраас ойрын хугацаанд уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.