Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч нарын баг Дархан-Уул аймагт ажиллаж байна. Эрүүл мэндийн яамнаас эрт илрүүлгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд хөдөөгийн болон алслагдсан бүс нутгийн иргэдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор үе шаттай арга хэмжээг авч байгаа. Энэ хүрээнд тус эмнэлгийн эмч нарын баг Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор суманд нүүдлийн эмнэлгээр үйлчилж эрт илрүүлэгт иргэдийг хамруулж байна.
Нүүдлийн эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглосон хоёр автомашины нэгт нь лабораторийн шинжилгээ, дурангийн оношилгоо, эмэгтэйчүүдийн үзлэг хийж буй бөгөөд хоёр дахь машинд рентген оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, шүд, чих хамар хоолой, нүд, дотрын эмчийн үзлэг хийж байгаа.
Дархан-Уул аймгийн хэмжээнд 0-17 насны хүүхдийн 66 хувь, 18-аас дээш насныхны 27,7 хувь нь эрт илрүүлэгт хамрагдсан бөгөөд хамрагдалтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг үүднээс ийм эмч нарын багийг ажиллуулж хөдөөгийн сумдад ажиллуулж буй юм.
Эрт илрүүлэгт хамрагдсанаар өвчнийг эрт үед нь илрүүлэх ингэснээр амьдралын чанарыг дээшлүүлэх, урт наслах боломж бүрдэх олон давуу талтай учраас үзлэгтээ идэвхтэй хамрагдахыг тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтулга иргэддээ уриалав.
Мөн эрт илрүүлэгт хамрагдахаар ирсэн иргэд “Манай суманд эрт илрүүлэх үзлэг хийхээр эмч нарын баг ирсэнд баяртай байна. Тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхээс гадна маш хэрэгтэй зөвлөгөө өгсөн. Тэр бүр аймгийн төв орох боломжгүй бидний хувьд нарийн мэргэжлийн эмч нарын баг ирж ажиллаж байгаа нь үнэхээр талархууштай байна” гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.