СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-19

🔴LIVE: Гуравдугаар 22-нд баруун, 23-нд төв, зүүн аймгийн нутгаар цасан шуурга шуурч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

УОК, ЦУОШГ-аас цаг үеийн асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийв.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

-Улсын хэмжээнд нийт 20 аймгийн 216 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт хаваржилтын нөхцөл байдал хүнд байна. Түүнчлэн гуравдугаар сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 63 орчим хувь нь цасан бүрхүүлтэй, үлдсэн нь цасгүй байна.

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас аймаг орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Булган, Төв, Сүхбаатар аймгийн 19 сум руу нийт 25 техник хэрэгсэл, 274 алба хаагчдыг томилон ажиллуулж байна. Одоогийн байдлаар нийт 502 өрхийн гэр, хашааг цаснаас гаргаж, 201 айл өрхийг нүүлгэн шилжүүлжээ.  

Аймаг орон нутгийн онцгой комиссоос гуравдугаар сарын 18-нд 167 малчин иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, 786 малчинд хоол хүнсний тусламж хүргүүлжээ. Мөн нийт 248 малчин өрхөд өвс, 356 өрхөд тэжээл хүргэх арга хэмжээ авч ажиллажээ.  

Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор төрийн болон төрийн бус байгууллагууд мөн иргэдийн зүгээс УОК-т хандив тусламж үзүүлсээр байгаа. Өнөөдрийн байдлаар 49 иргэн 28 аж ахуйн нэгж байгууллага, 72 төрийн байгууллага, 28 төрийн бус байгууллага, 1 гадаадын байгууллагаас нийт 3 тэрбум 372 сая төгрөгийн мөнгөн хандив, мөн 811 сая төгрөгийн бараа материалыг УОК-т ирүүлээд байна.

Олон улсын байгууллагаас бэлэн мөнгөний болон эд материалын тусламж дэмжлэгийг өгсөөр байна.

Мөн ОХУ-аас зудын хүндрэлтэй нөхцөл байдалтай холбоотойгоор малчдад 8500 тонн тэжээлийн будаа, овъёосыг тусламжаар ирүүлсэн ба одоогоор татан авах ажиллагааг зохион байгуулж байна. Сэлэнгэ аймгаас Өвөрхангай аймагт хүргэх ажил зохион байгуулагдана гэв.

Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлыг өнөөдөр ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал танилцуулав.

ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал:

-Ойрын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 19, 20-нд ихэнх нутгаар дулаарна.

Гуравдугаар сарын 21, 22-нд баруун аймгуудын нутаг, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Эдгээр бүс нутгаар цас орох ч агаарын температур буурахгүй, нутгийн зүүн хэсгээр дулаан байна. Гуравдугаар сарын 23-нд төв, зүүн аймгуудын нутгаар цас орж цасан шуурга шуурна. Гуравдугаар сарын 24-нд нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгаар цас орно. Гуравдугаар сарын 25-нд говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, цасан шуурга шуурна.Гуравдугаар сарын 26-нд нутгийн өмнөд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Иймд энэ өдрүүдэд уг чиглэлд явах гэж байгаа иргэд аюулгүй байдлаа хангахыг зөвлөе.

Мөн 24-нд Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгаар ахиу хэмжээний цас орох тул орон нутгийг зорих иргэд анхаарах шаардлагатай. 

Гуравдугаар сарын 23, 24-нд ихэнх өмнөх өдрөөсөө -5...-10 градусаар хүйтэрч, 25-наас дулаарна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар агаарын температур нэмэх градус руу орж, говийн бүс нутгаар +13...+18 хэм дулаарах тул шар усны үерээс сэрэмжлүүлж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.