Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулж хээл хахууль авсан хэрэгт холбогдох явдал цөөнгүй гарч байгаа. Бид өчигдөр Зорчигчийн вагон депогийн ерөнхий инженерээр ажиллаж байсан Х.Зоригоод холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэх болсон талаар мэдээлсэн билээ. Тэгвэл өөр нэгэн албан тушаалтных нь хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, “Улаанбаатар төмөр зам”-ын “Толгойт” өртөөний дарга Т.Үржин бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулсан юм. Тэрбээр ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж авсан мэдээ, мэдээллээ ашиглан бусдад дарамт шахалт үзүүлж, хахууль өгөхийг шаардан, тус өртөөний дэргэд үйл ажиллагаа явуулдаг “Сонсголон бармат” ХХК-ийн захирал С.Сүхбаатар, “Силкрөүд ложистикс” ХХК-ийн менежер Ч.Ганчулуун нараас 2021 оны 5-6 дугаар сард хахууль авсан хэмээн буруутгагдаж буй. Нэр дурдсан хоёр хүн УБТЗ-ын албан тушаалтанд нийт 33 сая төгрөг өгсөн аж. Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 248 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Тэдний дунд авлига, албан тушаалын найман хэрэг багтсаны нэг нь дээрх үйлдэл юм. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр болжээ.
Мөн хүрээлэн байгаа орчны эсрэг долоо, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг тав, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг болон нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг тус бүр дөрөв, заналхийлэх, татвар төлөхөөс зайлсхийх хэрэг тус бүр нэгийг шүүхэд шилжүүлсэн аж. Тухайлбал, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг хэргүүд дунд Говь-Алтай аймгийн иргэд хамтран 17 ширхэг тэсрэх бодис, цахилгаан тэслүүр зэрэг дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авч, хадгалж, тээвэрлэсэн хэрэгт холбогдсон юм. Тэдэнд Эрүүгийн хуулийн 20.4-1 дэх хэсгийн галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмшсэн гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.