НҮБ-ын Хар тамхитай тэмцэх албанаас гаргасан тайланд Монгол Улсыг 2010 онд хар тамхийг дамжин өнгөрүүлэх орон хэмээн тэмдэглэж байсан бол 2014 онд хэрэглэгч орон болгож бүртгэсэн. Жил ирэх бүр хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, энэ төрлийн гэмт хэргээр ял шийтгүүлж байгаа иргэд ч нэмэгдсээр байна.
Өнгөрсөн жил энэ төрлийн хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээсэн нийт хүний 67 хувь нь 16-30 насныхан, тэр дундаа 12 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь анхаарал татаж байна. Хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэргийн шийдвэрлэлт, түүний хор уршгийн талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2-р хэлтсийн хяналтын прокурор Ш.Анужинтай ярилцлаа.
-Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг сүүлийн жилүүдэд ямар түвшинд байна вэ?
-Эрүүгийн хуульд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангах, завших, мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалах, хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулах зэрэг үйлдлүүдийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг.
Энэ төрлийн гэмт хэрэг жил ирэх тусам өсөж байна. 2022 онд 195 хүн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан бол 2023 онд 308 хүн эрүүгийн хариуцлага хүлээсэн.
-Хэдэн насныхан хар тамхины хэрэгт холбогдож байна вэ?
-Энэ төрлийн гэмт хэрэгт 16-30 насныхан илүү их холбогдож байна. Өсвөр болон идэр насны залуучууд хэрэгт холбогдсон нийт иргэдийн 67 хувийг эзэлж байна.
-Өсвөр насныхан хар тамхины хэрэгт холбогдож байгаа шалтгаан юу вэ?
-Мэдээж олон шалтгаантай. Гэхдээ өсвөр насны хүүхдүүдийн хувьд үзэл бодол төлөвшиж амжаагүй, бусдын нөлөөнд автах нь амархан байдаг тул найз нөхдийн буруу хүрээлэл, хэн нэгнийг даган дуурайх, мөн интернэт орчны баталгаагүй мэдээлэлд итгэж сонирхох, улмаар хэрэглэж донтох байдал ажиглагддаг.
-Хуулийн хариуцлага ямар байдаг вэ?
-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэг нь хүнд гэмт хэрэгтээ ордог. Худалдаалах зорилгогүйгээр биедээ хадгалсан, бэлтгэсэн, бусдад өгсөн, олж авсан үйлдлээрээ 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр Эрүүгийн хуульд заасан. Харин улсын хилээр нэвтрүүлсэн, зохион байгуулалттайгаар үйлдвэл эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болж, бүх насаар нь хүртэл хорих ял оногдуулах хуулийн зохицуулалт бий.
-Өнгөрсөн жилийн хувьд хэчнээн эмэгтэй энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлсэн бэ. Эмэгтэйчүүд энэ хэрэгт холбогдож байгаа шалтгаан юу вэ?
-2022 онд 13 эмэгтэй хар тамхины хэргээр эрүүгийн хариуцлага хүлээж байсан бол 2023 онд 40 болж өссөн.
Өсвөр насны охид, нас залуу эмэгтэйчүүд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа шалтгаан нь буруу мэдээлэл, ойлголттой байдаг.
Тухайлбал, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэвэл жин нэмэхгүй байх боломжтой ч гэдэг юм уу, эсвэл хэрэглэвэл гоё мэдрэмж өгдөг гэх зэрэг худал зүйлд итгэж хэрэглэсэн тохиолдол байдаг. Нэг хэрэглээд үзчих гэсэн найз нөхдийн ятгалга мөн нөлөөлж байхад гадаад улсад ажиллаж, амьдарч байсан иргэд энэ төрлийн бодисын хамааралтай болчхоод ирсэн тохиолдол ч байна.
-Хар тамхины хор уршиг асар их. Ялангуяа эмэгтэйчүүдэд хэрхэн яаж нөлөөлдөг вэ?
-Юуны түрүүнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нь хүний эрүүл мэнд, гоо сайханд ихээхэн сөрөг нөлөөтэй. Ялангуяа хүний төв мэдрэлийн системийг сонгомлоор гэмтээж, дотоод эрхтнүүдэд үхжил үүсгэдэг. Ингэснээр ямар ч нөхөн сэргээлт авалгүйгээр хүний дотоод эд эрхтэн үхжиж, гадаад гоо сайхнаа алддаг.
Жишээлбэл, хар тамхины төрлийн бодисын хамааралтай болсон 18 настай эмэгтэй гуч, дөчин настай хүн шиг харагддаг. Хамгийн харамсалтай нь эрүүл бус хүүхэд төрүүлэх эрсдэл маш их байдаг. Сэтгэл зүйн хувьд өөрийгөө хянах чадваргүй болохоос гадна хүнийг хайрлах, энэрэх сэтгэлгүй болж, амьдралын энгийн зүйлээс ч аз жаргалыг мэдрэхээ больдог.
Уг бодисын үйлчлэл нь гарсан үед хүн маш их уур уцаартай болж тухайн бодисыг олж авахын тулд юу ч хийхээс буцахгүй болдог. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэж бусдыг хохироох, өөрийгөө хохироох үйлдэл хийдэг. Хар тамхины хор уршиг үүгээр ч дуусдаггүй. Гэр бүл, ойр дотно хүмүүс нь давхар хохирч, санхүүгийн хувьд ч ихээхэн хор уршигтай.
-Хар тамхи хэрэглэгчид дахин хэрэглэхийн тулд өөр төрлийн гэмт хэрэг зөрчилд холбогддог юм байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг удаан хэрэглэснээр донтох эмгэг үүсдэг. Нэгэнт донтсон хүн ямар ч хамаагүй байдлаар энэ төрлийн бодисоо олж авахын тулд эд хөрөнгө санхүүгээ бүрэн зарцуулдаг.
Гэтэл санхүүгийн байдал нь өдөр ирэх бүр дордоод ирэхээр өөр гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн холбогдогч болж бусдыг хохироодог. Эмэгтэйчүүд хар тамхинд донтсоноор хэн нэгний эрхшээлд автах, хамааралтай болох, сүрдүүлэгт өртөх, биеэ үнэлэх зэргээр өөр гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй. Үүнийг дагаад хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн хэргүүд ч гарах магадлалтай. Ууж байгаа зүйлд нь сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хийх, биеэ хамгаалах чадваргүй байхыг нь ашиглаж биед нь халдах зэргээр хохирогч болж байна.
-Ял шийтгүүлсэн иргэдээс дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдлууд хэр их гарч байна вэ?
-Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх үед, мөн ял шийтгэлээ эдлээд гараад ирсэн үедээ дахиад мансууруулах бодис хэрэглэх тохиолдол гардаг. 2023 онд уг гэмт хэргээр ял шийтгүүлсэн иргэдийн 60 гаруй хувь нь өмнө нь энэ төрлийн хэрэгт шийтгүүлсэн байсан хүмүүс байсан.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин, П.БОЛОРМАА
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 52 (7296)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.