Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Энэ үеэр "Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн" цол хүртсэн Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн доктор Х.Шагдар сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр "Би Зэвсэгт хүчинд 18 настайгаасаа 73 нас хүртлээ зүтгэж ирсэн. Сүүлийн 30 жилд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж байна. Энэ хугацаанд 30 гаруй нэг сэдэвт бүтээл бичиж хэвлүүлсэн. Мөн 30 гаруй хамтын бүтээлд оролцож, судлаач эрдэмтдийн хамтын бүтээлийг редакторлаж хэвлүүлсэн байна. Миний хөдөлмөрийг төр үнэлж өндөр шагнал олгосонд чин сэтгэлээсээ баярлаж байна. Энэ шагналыг надаар дамжуулан манай Батлан хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэнд олгож байна гэж бодож байна. Хамт олон дээрээ хурдан очихыг хүсэж байна. Туурга тусгаар ард түмэн цэрэгтэй байх ёстой. Цэрэг гэдэг зөвхөн буу үүрсэн хүмүүс биш. Эх орныхоо бүтээн байгуулалт, дэлхий дахинд энхийг дэмжих ажиллагаанд илүү идэвхтэй оролцох хэрэгтэй. Энэ бол манай эх орны тусгаар тогтнолын баталгаа” гэв.
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Хайнзангийн Шагдар нь Батлан хамгаалах салбарын эрдэм шинжилгээ, судалгааг хөгжүүлэх болон Монголын эрт, эдүгээ цагийн цэргийн түүх, өв соёлын тухай ном, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, илтгэл хэлэлцүүлэн, монгол цэргийн түүхэн замналыг залуу хойч үе, олон улсад сурталчлан таниулж, шинжлэх ухааны салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяа зүтгэлтэй нэгэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Баяр хүргэе, мундаг хөгшин байнаа