СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-03-16

У.Хүрэлсүх: Эр амгалан бол гэр амгалан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган Төрийн ордонд болов. Чуулганаар эрэгтэйчүүдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд зэрэг асуудлыг хөндөж, “Эрэгтэйчүүдийн талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа”, “Эрүүл монгол хүн-Эрчүүдийн эрүүл мэнд”, “Эр хүний үнэт зүйл” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгэндээ, Эрчүүд Та бүхэн бол улсын тулгуур, өрхийн тэргүүн билээ. “Эр амгалан бол гэр амгалан” хэмээн манай ард түмэн ярьдаг.

Бидний өвөг дээдэс эрчүүдээ “Гэрийн эзэн, өрхийн тэргүүн” хэмээн хүндэтгэж ирсэн сайхан уламжлалтай.

Өрхийн тэргүүн, улсын тулгуур болсон эрчүүдэд маань багагүй асуудал тулгамдаад байгааг бид анхаарах ёстой.

Тухайлбал, эрчүүд эмэгтэйчүүдээс 10 шахам жилээр богино насалж, хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татаж, архи уудаг, түүн дотроо эрэгтэйчүүдийн 29 орчим хувь нь сар бүр хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн судалгаа байна.

Үүнээс улбаалж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, гэмт хэрэг үйлдэх, осол гэмтэлд өртөх зэргээр өөрийн төдийгүй бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг хохироох явдал их гарч байна.

Зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээнээс үүдсэн артерийн даралт ихсэлт, хоол боловсруулах замын болон зүрх судасны эмгэг эрчүүдийн дунд түгээмэл байна. Хавдар, осол гэмтэл эрчүүдийн нас баралтын гол шалтгаан болж байна.

Иймээс ард иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл амьдралын хэв маяг хэвшүүлж, эрүүл ирээдүйг бий болгох, соён гэгээрүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг санаачлан орон даяар өрнүүлж байна.

 

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тодорхой үр дүн гарсныг дуулгахад таатай байна.

Тухайлбал, Монгол Улсад үйлдвэрлэсэн согтууруулах ундааны хэмжээ 2023 оны байдлаар  өмнөх онтой  харьцуулахад 32.7 сая литрээр буюу 21,6 хувиар, мөн импортын хэмжээ 18 хувиар буурчээ

 

Цаашид архи хэтрүүлэн хэрэглэгч, донтсон иргэд, тэдний гэр бүлд чиглэсэн нийгэм, сэтгэл зүй, эрүүл мэндийн тусламжийг өргөжүүлэхийн зэрэгцээ бүх төрлийн донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд болон аймаг, орон нутаг, Эрүүл мэндийн яам онцгой анхаарч, эрчимтэй ажиллах шаардлагатай байна.

Эрхэм хүндэт ард иргэд ээ.

Сүүлийн үед эрчүүдийн тамхидалт, ялангуяа хүүхэд, залуусын дундах электрон тамхины хэрэглээ аюулын харанга дэлдэж эхэллээ.

Ард иргэдийн хавдрын өвчний шалтгааны 30 хувь нь тамхинаас шалтгаалдаг гэж эрдэмтэн судлаачид тогтоожээ.

Тамхидалтыг бууруулах чиглэлд бодлогын томоохон өөрчлөлт хийж, иргэд ч өөрсдийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүднээс тамхинаас татгалзахыг уриалж байна.

 

Архи, тамхи, аливаа хорт зуршлаас ангид байж, эрүүл, зөв амьдралыг төлөвшүүлэн, эрүүл мэнддээ анхаарч, эх орон, гэр бүл, хань ижилдээ үнэ цэнтэй эрхэм хүн нь байж, урт насалж, их зүйлийг хийж бүтээж, нэр төртэй сайхан амьдрах ёстой.

Энэ бүхэн хувийн зохион байгуулалт, ёс суртахуун, сахилга бат, зөв амьдралын хэв маягаас ихээхэн шалтгаална гэдгийг эр хүн болгон сайтар ухамсарлаж, амьдралынхаа зам мөр, чиг хандлага болгох учиртай” гэлээ.

“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний анхдугаар чуулганыг 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулж, “Эрэгтэйчүүдийн манлайлал, ёс зүй, үүрэг хариуцлага, оролцоо”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг”, “Эрэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт-боловсрол, амьдралын ухаан”, “Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Чуулганаас гаргасан зөвлөмжийн дагуу УИХ, Монгол Улсын Засгийн газар, холбогдох яамд, төрийн болон төрийн бус байгууллагууд төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.