УИХ-ын 2024 оны хаврын чуулганы нээлт Төрийн ордны "Их эзэн Чингис хаан" танхимд болж байна. Чуулгын хуралдааны нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын бүрэн хугацааны отгон чуулган болж байна. Тэр ч утгаараа төр ард түмнийхээ итгэлийг хүлээж сонгогдсон УИХ-ын эрхэм гишүүд та бүхний парламентын хувьд онцгой чухал ач холбогдолтой чуулган байх учиртай.
Өнөөдөр тогтолцооны цогц реформын томоохон үр дүнг баталсан онцлог чуулган болж байгааг та бүхэн энэ танхимаас харж байна. Ардчилсан парламент бүрэн бүрэлдэхүүнээрээ Чингис хаан танхимдаа хуралдаж байна. Өнөөдөр түүхийн тохиолоор 30 гаруй жилийн дараа алдаанаасаа суралцсан, гажуудлаа зассан, тогтолцоогоо чамбайруулсан, хөгжлөө түргэтгэн, үндэстнээ хүчирхэгжүүлэн урагшлуулах шинэ 30 жилийг эхлүүлэх түүхэн цаг үеийн гэрч, оролцогч нар болон та бид энд сууж байна.
Энэ удаагийн парламент ачааны хүндийг, улстөрийн ширүүнийг туулж их шинэчлэлийн цөмийг өрж, элдэв гажуудлын мууг нь халшралгүй шингээн давж, парламентын засаглалын суурийг ганхуулалгүй нийгмийн суурь шинэчлэлийн бат бэх суурийг тавьж чадсан гэдгийг онцлон хэлье.
Монгол Улс хэнээс ч үл хамааран хөгжих, бусдаас ондооших бүрэн боломжтой улс.
Үндсэн хуульд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн талаар тодорхой тусгаж өгсөн.
Ногоон автобусны хэрэг, ашигт малтмалын лиценз, газар олголтын асуудлаарх нээлттэй сонсголыг зохион байгуулж, монголын баялаг, ард түмний өмчийн хулгай луйврыг илчлэх ёстой.
Хууль бусаар ашиглаж байсан Салхитын мөнгөний ордыг төр ард түмний мэдэлд буцаан авснаар 240 мянган иргэний тэтгэврийн зээлийг тэглэж, 1 сая төгрөг олгож байсан нь баялагтаа эзэн хөтөлбөрийн угтвар байсан гэдгийг та бүхэн санаж байгаа байх. Ашигт малтмалын том жижиг орд газрууд тэдгээрийн ашиглалт лиценз татвар төлөлтийг тойрсон элдэв хэлбэрийн булхай луйврыг илчлэх нь шударга ёсонд нийцнэ гэж бодож байна.
2024 оны сонгуулийг бүсчилсэн байдлаар зохион байгуулж, 13 тойргоос 126 гишүүн сонгох тоон хэмжүүр бус улс орноо томоор нь хөгжүүлэх чухал ач холбогдолтой юм. Сонгуулийн бэлтгэлийг сайтар ханган, холбогдох дүрэм журмыг батлан гаргах нь энэ чуулганы бас нэгэн чухал зорилт байх болно.
Хөдөө орон нутаг цас зудын нөхцөл байдал хүнд хэвээр байна. Тиймээс малчдадаа туслах арга хэмжээг цаашид ч үргэлжлүүлэх шаардлагатай байгааг хаа хаанаа анхаарах хэрэгтэй. Мал аж ахуйн салбарт тогтолцооны шинэчлэл зайлшгүй шаардлагатай гэдэг нь харагдаж байна. Ган зудад нэрвэгдсэн үед нь өвс тэжээл зөөж хүргэж өгөх, урамшуулал дэмжлэгт хамруулах нь төдийгөөр асуудлыг шийдэж чадахгүй хэнд ч тодорхой. Иймд малчин өрхийн эрхзүйн байдлын тухай хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлах шаардлагатай байна. Тус хуулиар малчдын залгам халаа болон бэлчээр, ус гээд хуримтлагдсан олон асуудлыг цогц байдлаар шийдэх шаардлагатай байна. Монгол мал малчин нь манай улсын үндэсний аюулгүй байдлын баталгаа билээ.
Монголоо гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр нэгэн зүгт хамтдаа харах цэгцрэх хөдөлгөөнийг дэмжин түрж, шинэ сэргэлтийг хамтдаа бүтээхийг Монгол Улсын эрхэм гишүүд нийт ард түмэндээ уриалж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.