Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд зохион байгуулж буй “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум боллоо. Форумаар “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж”, “Орон сууцжуулах бодлого, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж”, “Бүс нутгийн эдийн засгийн интеграцичлал, дагуул хот”, “Засаглал, хууль эрх зүйн шинэчлэл” гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд
өрнөсөн юм.
Форумд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцуулсан юм. Тэрбээр нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд төвийн зургаан дүүргийн гэр хорооллын бүсэд ажиллаж буй төрийн албан хаагчидтай өнгөрсөн нэг сарын хугацаанд уулзсан.
Харин өнөөдөр сүүлийн 30 жилд нийслэлд хуримтлагдсан алдаа дутагдал, ирэх 30 жилд хийгдэх хөгжлийн концепцоо хэлэлцэж, хамтран шийдэхээр нийслэлийн есөн дүүргийн салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж байна. Сүүлийн 30 жилд хүн амын талаас илүү нь нийслэлд төвлөрснөөс даац хэтэрсэн. Үүнийг дагаад түгжрэл, утаа, хог, бохирдол зэрэг олон бэрхшээл бий болсон нь төлөвлөлтийн алдаатай бодлоготой холбоотойг дурдлаа.
Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувийг Улаанбаатар хот эзэлдэг. Гэтэл хотын төвийн Бага тойруу хэсэгт төрийн 70 гаруй байгууллага ажиллаж, түгжрэл, төвлөрлийн гол шалтгааны нэг болж байна. Бага тойрууд байгаа эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй.
Бүсчлэл гэдэг бол эрх мэдлийг задална гэсэн үг. Бид суурь реформ дээрээ хандлага, харах өнцгөө өөрчлөх цаг болжээ. Төр, захиргааны байгууллагууд манлайлал үзүүлэх ёстой гэдгийг мөн хэллээ
УИХ-ын сонгуулийг энэ жил анх удаа бүсчилсэн тойргоор явуулахаар болсон. Энэ форум Улсын Их Хурлын сонгуулийн өмнө болж байгаа нь улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр илүү прагматик байхад, мөн мэдээллийн хувьд тэгш гараанаас эхлэх, бодлогын мэтгэлцээнд тулгуурлах тал дээр чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Хорооны Засаг даргад төсвийн эрх мэдэл байхгүй.
Хуулиар эрх мэдлийг нь нэмэгдүүлж, төсөв захиран зарцуулах эрх олгох, хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах хүрээнд төвлөрлийг сааруулах бодлогыг төр, засгаас хэрэгжүүлэхээс өөр гарцгүй болсныг Ерөнхий сайд хэлсэн юм.
Форумын үр дүнд үндэслэж, Засгийн газар бүс бүрийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулна. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулж, бодитоор хэрэгжүүлж шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур, орон нутагт эдийн засаг тэлэх суурь бий болж, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, түгжрэл зэрэг тулгамдсан асуудал шийдвэрлэгдэнэ гэж үзэж байна гэлээ.
-Улаанбаатар хот 1960 онд 145 мянган хүн амтай, 1990 онд 600 мянган хүн амтай байсан бол одоо 1.7 сая хүн амтай байна. 1976 онд Улаанбаатар хотын гуравдугаар ерөнхий төлөвлөгөөг батлах үед өнөөгийн нийслэлийн дэд бүтцийн үндсэн суурь тавигдсан.
Ерөнхий төлөвлөгөөгөөр Улаанбаатар хот 85 мянган тээврийн хэрэгсэл зорчино гэж өнөөгийн авто замын зураглал зурагдсан.
Өнөөдөр Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины дээд хязгаар 730 мянгад хүрсэн. Түгжрэлийн гол суурь шалтгаан бол нийслэл дэх хүн амын төвлөрөлтэй шууд холбоотой гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байгаа. Гэвч нийслэлд суурьшаад ирсэн хүмүүсээ орон нутаг руу явуулах боломжгүй.
Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах гэр хорооллыг орон сууцжуулах хуулиар шинээр 007 га газрыг төвийн зургаан дүүрэгт олгохыг цуцалсан. Мөн ашиглалтын шаардлага хангахаа больсон автомашины дугаарыг шинээр импортоор авсан машинд авч болно гэсэн зохицуулалт орууллаа.
Харин гэр хорооллыг орон сууцжуулах тухайд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр зургаан дэд төвийг байгуулах, төлөвлөлтүүд хийгдэж гурван дэд төвийн дэд бүтцийн ажил дууссан. Одоо гурван дэд төвийн дэд бүтцийн ажил хийгдэж байна. Эдгээр зургаан дэд төвөө түшиглээд орон сууцжуулах ажлыг хийж чадвал Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 40-45 хувиар буурна гэсэн тооцоо гарсан.
/Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд/
“Метро барих санхүүжилтийг босгох олон талын хэлбэр бий. Тухайлбал, фонд гаргаж, өр хувийн хэвшлийн түншлэлээр хийж болно. Нийслэл бонд гаргах боломжтой. УИХ-аар эрхийг нь олгосон. Мөн гаднаас хөнгөлөлттэй зээл авах, хийж гүйцэтгэж байгаа компани урьдчилж мөнгөө босгож, дараа нь төлбөрөө хийх зэрэг боломж бий. Үүнийг олон талаас нь судалж ажилласан.
Метро барих нь цаг хугацааны асуудал. Энэ хугацаанд түгжрэлийг бууруулахын тулд нийслэлээс хамгийн богино хугацаанд хийх ажил бол дүүжин тээврийн асуудал.
Хоёрдугаарт, эдийн засгийн аргаар шийдвэрлэх нь хамгийн чухал. Манай улс анх удаа автозамын түгжрэлийг бууруулах хуультай болсон. Дэлхийн бусад улс орон ч мөн адил түгжрэлийг эдийн засгийн механизмаар зохицуулж байна. Тиймээс манай улсын түгжрэлийг бууруулахад боломжтой шийдэл бол эдийн засгийн аргаар шийдвэрлэх юм.
Өөрөөр хэлбэл, тухайн техникийг эзэмшиж байгаа хүмүүсийг төлбөрөө төлөөд явах зэрэг шийдлийг хэрэгжүүлэх хэрэгтэй.
/Эмээлт эко аж үйлдвэрийн парк ХК-ийн гүйцэтгэх захирал/
-Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт арьс ширний үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс Улаанбаатар хотод хамгийн их тулгамдсан асуудал бол арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх. Энэ ажлын хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар бэлтгэл ажил хангасан. Одоогоор техник эдийнх засгийн үндэслэл дуусаж байна.
Арьс ширний үйлдвэрүүдтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулах, нүүлгэн шилжүүлэх, Хан-Уул дүүргийн XX хороонд үйл ажиллагаа явуулж үйлдвэрүүдтэй Туул голын ай, сав хөрсний бохирдлыг нөхөн сэргээх асуудлыг тохиролцож байгаа. Арьс ширний үйлдвэрүүдийг төслийн талбайд нүүлгэн шилжүүлснээр малын түүхий эд, арьс шир үнэ цэнтэй болно. Байгаль орчинд ээлтэй хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй кластер үйлдвэрлэл бий болох юм.
Ингэснээр Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, үйлдвэрүүдийн өрсөлдөх чадвар сайжрах боломжтой.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин, П.АМГАЛАНБАЯР
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 50 (7294)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Со визгүй 6 сараар ирүүлж орчуулдаг ажиллах эрхтэй ч хязгаарлагдмал нөхцөлтэй шийдэлд хүрвэл түгжирэх нөхөд нь бүгд со явж ажлаа хийгээд түгжээ буурчих бус уу кз