Нийслэлийн Онцгой комиссын “Шуурхай бүлэг”-ийн үйл ажиллагаа, халиа дошинг арилгах хариу арга хэмжээ болон зарим дүүргийн халиа дошны нөхцөл байдал, мал хаваржилт, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян танилцлаа.
Нийслэлийн 24 хорооны 33 байршилд халиа дошин үүсээд байгаагаас 25 байршлыг дүүргүүд, найман байршлыг Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ хариуцан ажиллаж байна.
Шар усны үерт өртөх эрсдэлтэй 1120 нэгж талбарт 1487 өрх байгаагаас 388 нэгж талбарын газрыг ашиглаж буй иргэд газрын зөвшөөрөлгүй байгаа юм. Иймд шар усны үерээс урьдчилан сэргийлэх зорилгоор халиа дошин үүссэн байршлын мөсийг хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 6-ны хооронд зөөж тээвэрлэсэн.
Энэ хүрээнд 20 аж ахуйн нэгж, байгууллагын 350 ажилтан 235 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 11,091 рейсээр 221,820 тонн мөсийг тээвэрлэсэн байна.
Мөн халиа дошин, шар усны үерт өртөж болзошгүй, үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлж, нүүлгэх, шилжин суурьших бүсийг тогтоох ажлыг зохион байгуулж буй. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 150, Чингэлтэй дүүргийн 139, Сүхбаатар дүүргийн 40, Сонгинохайрхан дүүргийн 135 буюу нийт 464 айлд мэдэгдэл хүргүүлээд байгаа юм.
Мөн сэрэмжлүүлэг, мэдээ мэдээллийг иргэд, олон нийтэд шуурхай түгээх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлж, урьтаж хамгаалъя” нөлөөллийн аяныг гуравдугаар сарын 11-нээс тавдугаар сарын 10-ныг хүртэл зохион байгуулна.
Мал хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн дүүргүүдэд 6187 толгой мал хорогдсон байна. Иймд нийслэл, дүүргийн аюулгүйн нөөцөд 794.4 тонн өвс, тэжээл бэлтгэн, малчдад хүргэж, өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгох, дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулаад байна нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.