Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 2024 оны УИХ-ын сонгуулиар парламент 126 гишүүнээс бүрдэнэ. Бүсчилсэн тойргоос 78 гишүүнийг, намын жагсаалтаар 48 гишүүн сонгогдоно.
УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд энэ удаагийн сонгуулиар намын жагсаалтаар нэр дэвших боломжтой ч тойрогт нэр дэвшихээр болсон байна. УИХ-ын 2012 оны сонгуулиар МАН нь намаас нэр дэвшигчдээ бүрдүүлэхдээ жагсаалтын эхэнд намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-д олон сонгогдсон ахмад гишүүдээ бичиж байв. Тодруулбал, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар жагсаалтын дээгүүр бичигдэж байсан юм.
Энэ жишгээр УИХ-д дөрвөн удаа сонгогдсон, дээр нь УИХ-ын даргын хувьд намын жагсаалтын дээгүүрт бичигдэх боломжтой ч тэрээр тойрогт нэр дэвшихээр “амлаж” авчээ. Нөгөөтэйгүүр МАН-ын удирдлагуудын зүгээс эмч, багш, эрдэмтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөллийг жагсаалтын эхэнд нэр дэвшүүлэхээ олон нийтэд зарласан нь туршлагатай улс төрчид ийнхүү тойрогт нэр дэвших сонголт хийхэд хүргэж буй бололтой. УИХ-ын дарга Г.Занданшатар нь Архангай, Өвөрхангай, Баянхонгорын нэгдүгээр тойрогт нэр дэвшихээр бэлтгэлээ базааж буй юм.
Тэрээр Унгар улсад төрийн албан ёсны айлчлал хийх үеэрээ “Байдрагийн усан цахилгаан станц” төслийг Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээ зарласан. Түүний сонгуулийн “хөзөр”-ийн нэг нь “Байдрагийн усан цахилгаан станц” төсөл байх бололтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.