Улангассан улс төрөөс ухаанаа аврах ч арга алга. Найман настайгаас наян настай буурал хүртэл улстөржиж, эхнэр нь нөхөртэйгээ, дарга нь цэрэгтэйгээ, худалдагч нь худалдан авагчтайгаа улстөржиж байна. Дээрээ суудлаа олохгүй, доороо гүйдлээ олохгүй нь. Улстөр тэдэнд хамаагүй ч улстөр тэднийг оролдоод байгаа учраас тэр л дээ. Энэ бүхэн МАНАН-гаас болж байна гэж МАН болон АН-ын дарга нар жигшин мэдэгдэж байгаа. Ингэж наанаа мэдэгдэж байгаа ч цаагуураа тэд өөрөө өөрсдийгөө хэлж байгаа хэрэг бус уу.
Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, МАН-ын 100 жилийн ойн тун удахгүй болох гэж байна. Түүхэн ойн босгон дээр МАН болон АН-ын даргаар хоёр дарангуйлагч сууж байгааг монголын ард түмэн харж байна. АН-ын дарга С.Эрдэнэ өчигдрийн ярилцлагадаа У.Хүрэлсүхийг “дарангуйллын сод жишээ болсон хүн” гэж нэрлэлээ. Энэ бол хэрээ хэрээнийхээ харыг гайхаж байгаа хэрэг юм. С.Эрдэнэ ч өөрөө дарангуйллын сод жишээ болчихоод байна шүү дээ.
Дэлхийн түүхэнд төрсөн дарангуйлагчдад нэжгээд нийтлэг шинж байдаг. Тэд шүүмжлэл сонсох дургүй. Тэд биеэ хэт өргөмжилж, өөрөөс нь мундаг хүн энэ дэлхийд байхгүй мэтээр сэтгэдэг. Тэд албан тушаалаасаа хагацахыг амьдралаа алдахтай зүйрлэн айх ба өөрөөс нь өөр бодолтой хүнийг ямар нэгэн аргаар зайлуулахыг хичээдэг.
У.Хүрэлсүх ч, С.Эрдэнэ ч гишүүдээ үг хэлүүлэхгүй санаатай. Шүүмжлэл, мэтгэлцээн өрнүүлэх хүсэлгүй. Хэрэв эсрэгцвэл нэг газар дээр гишгэхгүй санаатай. Үг сөрвөл хэрүүл, үүл сөрвөл бороо гэдэг үгийн “хүчийг” дарга нартай үг сөрсөн хүн бүхэн хүртэж байна.
АН-ын дарга С.Эрдэнэ өөрийн тушаалаар Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Д.Пүрэвдавааг дөрвөн жилийн хугацаатай намаас нь хөөчихлөө. Ямар алдаа гаргаснаа дөрвөн жилийн дотор бодоод, гэмшээд байж бай гэж Есүс Христ зарлигласан мэт шийдвэр. Үүнээс өмнө АН-ын нбд О.Магнай “С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг намаас хөөж байгаагаа мэдэгдэж байна” гэж мэдэгдсэн боловч, энэ алдаагаа цэвэрхэн зассан.
Мөн энэ оны 11 сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн АН-ын гишүүн Т.Батцогт, Л.Батдэлгэр, М.Ихцэнгэл, Г.Мянганбаяр нарыг намаас хөөсөн тушаалыг тус дүүргийн АН-ын дарга Д.Нүрзэд гаргалаа. АН-ын дарга С.Эрдэнэ “Энэ шийдвэр надад хамаагүй. Нүрзэд өөрөө гаргасан” гэж байгаа боловч, толгойгүй хөл, хөлгүй толгой гэж байхгүйтэй адил “Нүрзэдээр ийм шийдвэр гаргуулсан“ гэж ойлгох нь үнэнд нийцнэ.
МАН-ын дарга У.Хүрэлсүхийн амнаас ч сүүлийн үед “Хөөнө, тууна, хариуцлага тооцно” гэдэг үг л гардаг болж. Засгаа авч үлдсэн ч “хөөнө шүү, тууна шүү” гэж занасаар микрофоноо хаана лээ.
МАН-ын Хяналтын хорооноос М.Энхболд, Д.Хаянхярваа, Ж.Цогзолмаа, Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг хөөх шийдвэрийг арван гишүүний ес нь гаргасан. Гэвч эх сурвалжийн мэдээлж байгаагаар МАН-ын дарга У.Хүрэлсүх тэрхүү шийдвэрийг түр хойшлуулжээ. Эдгээр таван хүн дээр нэмэгдээд зургаа дахь намаас хөөгдөх хүн нь Д.Оюунхорол болоод байгаа аж. Хэдийгээр энэ хүмүүс сая Засгийн газрын хувь тавиланг хэлэлцдэг баасан гаригийн хурлын өмнө намаасаа хөөгдөөгүй боловч, ирэх оны гурван сар гэхэд бүгдийг нь намаас хөөнө гэж эх сурвалж мэдэллээ. Намын дарга У.Хүрэлсүх тэднийг араа шүдэндээ зуужээ. Шүдгүй гэж өөрөө хэлж байгаа ч шүдтэй гэдгийг нь бүгд харж байна.
УИХ-ын даргын Үндсэн хууль зөрчсөн эсэх дээр дүгнэлт гаргуулахаар Ерөнхий сайд Цэцэд хандаад байгаа. УИХ-ын даргыг зайлуулсны дараа намаас хөөх асуудал яригдана гэж эх сурвалж нэмж хэлнэ лээ.
Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, МАН-ын 100 жилийн ойн дээр дарангуйллын хоёр сод жишээ төрөн гарсныг бид харж байна. МАН, АН дотроо хуваагдаад эхэлчихсэн. Энэ хоёр хүний гараар олон жилийн түүхтэй энэ хоёр нам бутарч, хямрах хувь тавилантай байжээ. Намын гишүүд нь хэзээ сэрэх юм бол доо.