СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-03-07

🔴LIVE: Н.Цогтсайхан: Монгол Улсыг Олон улсад төлөөлөх Допингийн эсрэг байгууллага хүчингүй болсон

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
8 сарын өмнө

-Допингийн эсрэг төвийн нэрийг өөрчилж, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага болгосон 2017 оны Удирдах зөвлөлийн хурлаар, тус хуралд оролцоогүй хоёр гишүүнийхээ гарын үсгийг хуурамчаар үйлдсэн болохыг АТГ тогтоосон билээ.

Улмаар АТГ-аас энэхүү хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой асуудлыг засах мэдэгдлийг УБЕГ-т хүргүүлж, тус байгууллагаас энэ оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагыг хүчингүйд тооцсон юм. Гарын үсгийг нь хуурамчаар зурсан хоёр хүний нэг нь Олон улсын буудлагын холбооны эмнэлэг, допингийн эсрэг хорооны гишүүн Н.Цогтсайхан юм. Өөрөөр хэлбэл, түүний гарын үсгийг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын тэргүүн асан Ж.Хатанбаатар нар нь хуурамчаар үйлдсэнийг АТГ тогтоосон байна. Дээрх асуудлаар Олон улсын буудлагын холбооны эмнэлэг, допингийн эсрэг хорооны гишүүн Н.Цогтсайхантай ярилцлаа.

Олон улсын буудлагын холбооны эмнэлэг, допингийн эсрэг хорооны гишүүн Н.Цогтсайхан:

-Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын Удирдах зөвлөлийн хуралд оролцоогүй байтал оролцсон мэтээр гарын үсэг зурсныг анх хагас жилийн өмнө мэдсэн. Өөрөө оролцоогүй байж, өөрийгөө чөлөөлөх хуралд гарын үсэг “зурчихжээ”. Одоогоос долоо жилийн өмнөх үйл явдал юм. Анх Дэлхийн допингийн эсрэг байгууллагын зөвлөмжийн дагуу 2007 онд Допингийн эсрэг төвийг МҮОХ-ын даргаар ажиллаж байсан талийгаач Д.Загдсүрэн гуай тэргүүтэй хүмүүстэй хамт байгуулалцаж байлаа. Түүнээс хойш энэ байгууллага 2017 онд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага гэж нэрээ өөрчилсөн. Нэрээ өөрчлөх Удирдах зөвлөлийн хурлаараа миний болон өөр нэг УЗ-ийн гишүүний гарын үсгийг хуурамчаар үйлдсэнийг АТГ тогтоосон байна.

Товчхондоо, Засгийн эрхийг хууль бусаар авах гэсэн ойлголттой адилхан төрийн бус байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авсан нь тогтоогдсон байна. Үүнтэй холбоотойгоор АТГ-аас намайг хоёр удаа дуудаж тайлбар авсан. Гарын үсгийн зурлага авсан.

УБЕГ нь бүртгэлийн асуудал хариуцсан төрийн төв байгууллага. УБЕГ Захиргааны ерөнхий хуулийн дагуу процессын ажиллагаа явуулаад Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагыг хүчингүй болгосон байна. Би энэ талаарх мэдээллийг анх “open data”-аас харсан.

Энэ мэдээллийг авангуутаа УБЕГ-т хандсан. УБЕГ-ын мэргэжилтэнгийн тайлбараар хуулийн этгээд татан буугдаагүй, 2017 оноос хойших бүртгэлийн үйл ажиллагаа бүгд хүчингүй болсон гэсэн. Тэгэхээр байгууллагын нэр, Удирдах зөвлөлийн гишүүдийн бүртгэл, байгууллагын даргын бүртгэл хүчингүй болсон байна гэж тайлбарласан. Ийм тохиолдолд өмнөх бүртгэлийн нэр, УЗ-ийн эрх автоматаар сэргэдэг юм билээ.

УБЕГ-ын зөвлөмжийн дагуу өмнөх Допингийн эсрэг төвийн удирдах зөвлөл хуралдаж, бүртгэлээ албажуулах, тамга тэмдэгээ захиалах, улсын бүртгэлийн байгууллагад хандах шаардлагатай болсон. Байгууллагын тэргүүн, УЗ-ийн дарга Д.Загдсүрэн гуай маань бурхны оронд очоод нэлээн хэдэн жил болчихлоо. Энэ хүнийг нөхөж сонгох, УЗ-ийн даргаа сонгох шаардлагатай болсон. Энэ дагуу Допингийн эсрэг төвийн УЗ өнгөрсөн долоо хоногт хуралдаад, тодорхой хэмжээнд шийдвэрээ гаргасан. Улсын бүртгэлийн байгууллагад хандахад, өчигдөр эргэж надтай хариу өгч ярьсан. Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын ерөнхийлөгч Ц.Уугангэрэл УБЕГ-т хандаж, гомдол гаргасан юм байна. Үүнтэй холбоотойгоор маргаан эцэслэтэл улсын бүртгэлийн байгууллага ямар нэгэн бүртгэлийн өөрчлөлт хийхгүй гэсэн хариу өгсөн.

Тэгэхээр Допингийн эсрэг төв нэрээр үйл ажиллагаа явуулах гэхээр тамга тэмдэг, гэрчилгээгүй. Уг нь хоёр нэртэй болохоос нэг л байгууллага шүү дээ. Нэг л улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээтэй. Гэвч аль ч нэрээрээ үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.