Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг энэ сарын 14-нд зохион байгуулна. Уг форумын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж, Засаг захиргааны шинэчлэл, төр хувийн хэвшлийн түншлэл, дэд төвийн төлөвлөлт, бүтээн байгуулалт, дагуул хотын талаар хэлэлцэж байна.
Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг:
-Улаанбаатар хот 40 орчим жил дагуул хот байгуулна гэсэн мөртлөө шав тавьсан удаа байхгүй. Иймээс бид Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг санал болгож танилцуулна. Үүн дээрээс Төв аймагтай эдийн засгийн хувьд интеграцид орох, бизнес эрхлэгчдэд ямар боломж гаргаж өгөх талаар боломжит төслүүдийг ярилцана.
Зах зээлийн өрсөлдөөнт байдал, зах зээл рүү ойртуулсан үнэ тарифын байдлыг дэд бүтцийн салбар дээр авчирна. Өрсөлдөөнийг гаргаж, хувийн хэвшилд энэ дэд бүтцийн салбарт бизнесийн орон зайг гаргаж өгснөөр Улаанбаатар хот цаашдаа тогтвортой хөгжлөө хангахаар ажиллаж байна.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Ж.Алдаржавхлан:
-Засаг захиргааны шинэчлэл хийж Улаанбаатар хотын дүүрэг, хороодыг нэгтгэн чиг үүрэг, эрх мэдлийг тэнцвэржүүлэх санаачилга бол цэвэр амьдралаас үүдэн гарч байгаа санал юм.
Монголын Эдийн Засгийн Форум НҮТББ-ийн Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ч.Ганхуяг:
-Монголын Эдийн Засгийн Форум нь нийгэмд тулгамдаад буй асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлдэг. Уг платформ нь 2009 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа боловч яг Улаанбаатар хотынхоо асуудлаар буюу нийт хүн амынх нь тал хувь нь цугларчихаад байгаа эдийн засаг, нийгэм, улс төр, соёл зэрэг гол зангилаа нь болсон төв цэг болсон Хотынхоо асуудал дээр төвлөрч Чуулган хийсэн түүх байхгүй.
ЭМАШТҮХ-ийн зөвлөх багийн ахлагч, анагаах ухааны Доктор, Профессор С.Сонин:
-Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллага, тэр дундаа өрхийн эмнэлэг 24 жилийн өмнөөс Улаанбаатар хот 700,000 хүн амтай байхад 8,000-12,000 хүнд үйлчилэхээр байгуулагдаж байсан нь өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй. Хүн ам 2 дахин нэмэгдсэнтэй холбоотой засаг захиргааны өөрчлөлтөөр үүнийг шинэчлэх шаардлагатай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.