Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирал Мухаммад Эхсан Ханыг хүлээж авч уулзжээ.
Уулзалтын эхэнд С.Чинзориг сайд Азийн хөгжлийн банк нь Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг дэмжигч, гол түншлэгч байгууллагуудын нэг бөгөөд 1991 оноос хойш эрүүл мэндийн салбарын шинэчлэлтийн үйл ажиллагаанд техникийн болон арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.
Манай улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд АХБ-ны дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд 84.9 сая ам.долларын өртөг бүхий таван зээлийн төсөл, 37 сая ам.долларын долоон удаагийн буцалтгүй тусламж, 10.65 сая ам.долларын 15 техник туслалцааны төслийг амжилттай хэрэгжүүлснийг онцлоод 2019 онд баталсан 163 сая ам.долларын санхүүжилтээр “Эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламжийн хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” олон шатлалт төслийг хэрэгжүүлж байгаа юм.
Сайд уг төслийн хэрэгжилтийн талаар Мухаммад Эхсан Хантай 80 сая ам.долларын гэрээний хүрээнд хэрэгжиж буй төслийн нэгдүгээр үе шатны хэрэгжилт энэ оны хоёрдугаар сарын байдлаар 65,5 хувь, гэрээлсэн дүн 64.3 хувьд хүрсэн. Барилгын зураг дизайн, угсралт, хяналттай холбоотой 46.7 сая ам.долларын үнийн дүнтэй 13 гэрээ байгуулсан ба тус ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах зургаан тендер зохион байгуулж Хан-Уул дүүрэг, Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг, Хөвсгөлийн Тариалан, Дорноговийн Эрдэнэ, Булганы Дашинчилэн, Өвөрхангайн Баян-Өндөр сумын ЭМТ-ийн барилгын ажил эхэлсэн тухай мэдээллээ хуваалцлаа.
АХБ-ны Зүүн Азийн газрын захирал Мухаммад Эхсан Хан “Өнгөрсөн хугацаанд АХБ болон Монгол Улсын Засгийн газар олон төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлсэн. Нэг удаагийн хамтран ажиллах түншлэлийн стратеги таван жилийн хугацаанд хэрэгждэг бөгөөд 2025 оноос дараагийн хамтын ажиллагаа эхлэх гэж байна. Манай байгууллагын удирдлагын зүгээс боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбараар дамжуулж монгол хүнд хөрөнгө оруулалт хийх чиглэлд илүү анхаарал хандуулна. Үүнд эрүүл мэндийн салбар томоохон байр суурь эзэлнэ” гэсэн юм.
Энэ уулзалтаар талууд өнгөрсөн онд АХБ болон Монгол Улсын Засгийн газрын хамтын ажиллагааны төслийн олон шатлалт хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын хэрэгжилт сайжирч, ихээхэн ахиц дэвшил гарсан нь 2025 онд хэрэгжих дараагийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүд болон үйл ажиллагаагаа өргөжүүлэх талаар харилцан санал солилцжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.