-Египет улсын Кайр хотын метро төслийн дэд бүтцийн инженер Т.Мөнхдалайтай нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих Метро төслийн талаар ярилцлаа. Тэрээр Японы Киотогийн их сургуульд дэд бүтцийн инженер мэргэжлээр төгссөн бөгөөд одоо инженерингийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “OC Global” компанийн нийтийн тээвэр, төмөр замын хэлтэст инженерээр тав дахь жилдээ ажиллаж байгаа юм байна.
Метро төслийн дэд бүтцийн инженер Т.Мөнхдалай:
-Улаанбаатар хотод метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийн материалыг уншаад үзвэл зургаан жилийн турш метроны бүрэн системийн ерөнхий дизайн, барилгын ажлын тендерийн бэлтгэл, зохион байгуулалт, гэрээний хэлцэл, төслийн хэрэгжилтийн хяналт, метроны зүгшрүүлэлт, туршилт, операторын сургалт гээд иж бүрэн “Төслийн удирдлагын зөвлөх үйлчилгээ” юм байна.
Бүх л хотууд метро мэт том төслүүддээ Олон улсын нарийн мэргэшсэн инженерингийн зөвлөх баг авч өмнөөсөө төслөө удирдуулдаг. Барих компаниас тусад нь төслийн удирдлагын баг авдаг шалтгаан нь барих компанийг ашиг сонирхлын зөрчилгүй, шударгаар хянаж, өртгийн өсөлт, хугацааны сунгалт аль болох байхгүйгээр, аюулгүй чанартайгаар метрогоо бүрэн гүйцэт барихыг шаардах мэргэжлийн чадвартай хүний нөөц хэрэгтэй учраас гэж бодож байна.
Ер нь дэд бүтцийн томхон төслүүд өртгийн таван хувь орчмоор зөвлөх үйлчилгээ авдаг туршлага байдгийг төслүүдэд ажилладаг хүмүүс мэдэх биз ээ. Зургаан жилийн зөвлөх үйлчилгээнд 54 сая ам.долларын төлбөр төлөх нь олон улсын стандарт үнэлгээ гэж хэлж болно.
Миний ажиллаж байгаа төслүүд ихэвчлэн 100 - 200 сая ам.долларын зөвлөх үйлчилгээний өртөгтэй, 10 жил орчмын гэрээтэй байдаг. Чиглэл бүртээ нарийн мэргэшсэн зөвлөхүүдийг цуглуулсан баг олон жил ажиллахад ийм хэмжээний зардал гардаг нь хэвийн. Одоо миний байгаа метро төсөлд гэхэд таван компанийн нэгдэлд 13 улсаас нийт 80 гаруй экспертүүд ирж ажиллаж байна.
Метро шугамд ойролцоогоор 20 МВт чадлын эх үүсвэр хэрэгтэй. Хэвлэлийн мэдээллүүдээс харахад Бөөрөлжүүт ДЦС-ын 150 МВт энэ 10 сард, ирэх жил мөн 150 МВт, 2030 он хүртэл нийт 600 МВт станц ашиглалтад орохоор баригдаж байгаагаас гадна бас бус олон цахилгаан станцын төслүүд хэрэгжиж байгаа юм байна.
Хувьдаа анх 2028 онд ашиглалтад орно гэдэг төлөвлөгөөг хараад энэ хугацаанд амжиж барих нь хүндрэлтэй гэж үзээд үүнийгээ ч тухай үед хэлж байсан. Энэ тендерийн материалыг уншаад үзвэл 2030 оны наймдугаар сард ашиглалтад орохоор төлөвлөжээ. Энэ бол одоо харин бодитой төлөвлөлт гэж бодож байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.