Бангладеш улсын нэгэн цамхагт гал гарсны улмаас 43 хүн амь үрэгдлээ гэж тус улсын Эрүүл мэндийн сайд мэдэгдлээ.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, нийслэл Дака хотын нэгэн ресторанд пүрэв гаргийн орой (орон нутгийн цагаар 22:00 орчимд) гал түймэр гарчээ. Одоогийн байдлаар 75 хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Харин, гал түймрийг хоёр цагийн дараа унтраасан гэж албаныхан мэдээлсэн бөгөөд гал түймрийн шалтгааныг нь одоогоор шалгаж байгаа аж.
Бангладеш улсын Эрүүл мэндийн сайд Саманта Лал Сен Дака хотын Анагаах ухааны коллежийн эмнэлэгт ойролцоогоор 33 хүн, түлэгдэлтийн эмнэлэгт 10 хүн нас барж, 22 хүний биеийн байдал хүнд байгаа талаар мэдээллээ.
Мөн, “Дэйли Бангладеш” сонинд мэдээлснээр тус барилгад зоогийн газар, хувцас, гар утасны дэлгүүр гэх мэт олон дэлгүүр байдаг бөгөөд, долоон давхар барилгад байрлах “Kacchi Bhai” ресторанаас яаралтай тусламж дуудсан байна. Түүнчлэн, Бангладешийн гал түймэртэй тэмцэх албаны генерал Майн Уддинны хэлснээр, гал түймэр нь хий алдагдсанаас эсвэл гал зуухнаас үүдэлтэй байж магадгүй гэж тооцоолж байгаа юм.
Бангладеш улсад арилжааны болон орон сууцны барилгад гал гарах нь элбэг байдаг. Тус улсад аюулгүй байдлын талаарх мэдлэг тааруу, дүрэм журмын хэрэгжилт хангалтгүй байгаагаас хүний амь эрсдэх тохиолдол олон гардаг аж.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.