Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцжээ. Ингээд долоон асуудлаар шийдвэр гаргасан гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Засгийн газрын гишүүд шуурхай бүлэг болон орон нутгуудад ажиллаад ирлээ. Нөхцөл байдалтай танилцаж, малчидтайгаа уулзсан. Засгийн газрын гишүүд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүллээ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар долоон асуудлыг шийдвэрлэсэн.
Тухайлбал, Төмөр зудтай байгаа аймгуудад өвс, гурил тэжээл өгөх шийдвэрийг гаргалаа. Түүнчлэн малчдын зээлийн асуудал, зудад малаа алдсан малчдыг малжуулах, гурилын үнийн өсөлт, ЕБС-ийн амралт, оюутны амралтын хуваарьт өөрчлөлт оруулах талаар, хөдөө сумдын автомашиныг шинэчлэх асуудлыг асуудлыг хэлэлцлээ.
Хүндэрсэн аймаг сумдад ХХААХҮЯ-ны дэргэдэх Тариалан эрхлэлтийг дэмжих санд байгаа 10 мянган тонн тэжээлийн буудайг үнэ төлбөргүй олгоно. Малчдад хоол хүнсний дэмжлэг үзүүлнэ. 117 сумын 110 мянга гаруй малчдад гурил, будааны дэмжлэг үзүүлнэ.
Хоёрдугаарт малчдын зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулж өгөх хүсэлтийг илэрхийлж байсан. Малчдын зээлийн эргэн төлөлтийг 1 жил, хүүгийн төлөлтийг 1 жилээр хойшлуулах шаардлагатай гэж Ерөнхий сайд салбар сайд, холбогдох албаныханд үүрэг болголоо. Зээлийн хүүгийн 6 хувийг малчин өөрөө төлнө. Харин үлдсэн хүүгийн төлбөрийг Засгийн газар төлнө. Нийт 280 тэрбум төгрөг байгаагаас малчид 60 тэрбум төгрөгийг төлнө. Харин үлдсэн 220 орчим тэрбум төгрөг байхаар байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар санал боловсруулах чиглэлийг холбогдох албаныханд өгч шийдвэрлэлээ. Шаардлагатай тохиолдолд УИХ-ын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэнэ. 1 малчин дунджаар 10 сая төгрөгийн зээлтэй байна.
Малын хорогдол их байгаатай холбогдуулан малчдыг малжуулахаар болсон. ХНХ-ын сайдын дэргэдэх хөдөлмөр эрхлэх сангаар дамжуулан шууд зээл олгох биш бодлогын хүрээнд үр дүнтэй байх санал боловсруулж түүнийг ХХААХҮЯ дэмжиж, хамтран ажиллахыг үүрэг болголоо. Энэ дагуу гарах шийдвэрийг эцэслээд дахин танилцуулна.
Гурилын үнэ хөдөөгийн малчид гэлтгүй аймаг, хотын айлуудын амьдралд дарамт болж буй. Импортын гурил оруулж ирэх нөхцөлийг Засгийн газар тодорхой хангаж өгөх юм бол гурилын үнэ буурах боломжтой. Импортын татварыг тэглэх асуудал Засгийн газраар орж ирэхдээ тодорхой хугацаатай орж ирж шийдвэрлэгддэг байсан. Тэгвэл өнөөдөр Засгийн газраас гаргаж байгаа тогтоол нь ямар нэг байдлаар хугацаа заасангүй, оруулж ирэх гурил тэжээлд хувь, квот заасангүй. Энэ нь зах зээл дээрх гурилын үнэ тогтворжиход түлхэц болно гэж үзлээ.
Мөн хөдөө аж ахуйн биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр мал, махыг малчдаас хэрэглэгчдэд худалдаалах үйл ажиллагааг үе шаттай, тогтмол зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд даалгалаа.
Түүнчлэн нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махыг 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн худалдаалах шийдвэр гарлаа гэв
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.