ЭМЯ-наас зудын нөхцөл байдалд байгаа ард иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд:
-2024 оны хоёрдугаар сарын 26-ны байдлаар 21 аймгийн хэмжээнд отор нүүдлээр болон өөрийн аймагт өвөлжиж буй малчин өрхөөс нийтдээ 68361 иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдсан байна. Үүнээс жирэмсэн эх 2129, 0-5 насны хүүхэд 8012, өндөр настан 13544, хөгжлийн бэрхшээлтэй 4705 болон архаг суурь өвчтэй 11650 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, 3585 өрхөд эмийн багцыг хүргэсэн.
УОК-ын даргын 2024 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн тушаалын дагуу нийт эрүүл мэндийн салбарын долоон шуурхай баг орон нутагт 4-5 эмнэлгийн мэргэжилтэнтэй ажиллаж байна. Төрөлжсөн мэргэжлийн эмч нар болон сэтгэцийн эрүүл мэндийн эмч нар тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Зам даваа хаагдсан 350 малчин өрхөд эмнэлгийн тусламж, багц хүргэж ажиллалаа.
Монгол улсын нийт нутаг дэвсгэрт өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрч, улсын болон эрүүл мэндийн салбарын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан зудын нөхцөл байдалтай байгаа орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэх зорилгоор 321 резидент эмч нарыг өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг цуцлах хүртэл орон нутгийн эрүүл мэндийн газрын мэдэлд ажиллуулахаар боллоо.
Улсын хэмжээнд зайлшгүй шаардлагатай байгаа эм эмнэлгийн хэрэгсэл гурав хүртэлх сарын нөөцтэй байна.Одоогоор тасарсан эм тариа байхгүй.
Засгийн газрын шийдвэрээр алслагдсан сумдын эрүүл мэндийн төвүүдэд эмнэлгийн зориулалттай 60 автомашиныг олгож байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.