Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.
Гуравдугаар сард монгол орны нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байна. Гэвч төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, ихэнх нутгаар хур тунадас ахиу орох төлөвтэй байна.
Сарын эхээр нутгийн баруун хагаст хүйтний эрч суларч, өдөртөө дулаарна. Харин нутгийн зүүн хэсгээр хүйтэн хэвээр хадгалагдах төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар нутгаар олон жилийн дунджаас 3-6ºС-ээр хүйтэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС-ээр хүйтэн байна.
Мөн гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар харьцангуй дулаан байх төлөвтэй байна.
Дөрвөн бүсийн ирэх сарын цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун аймгуудын нутгаар: Баян–Өлгий, Ховдын нутаг, Увс, Завхан, Говь–Алтайн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, Говь–Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Сарын эхээр хүйтний эрч суларч, олон жилийн дунджаас 1-3ºС-ээр дулаан байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн үе болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн, мөн гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-5ºС-ээр дулаан болно.
Төвийн аймгуудын нутгаар: Өвөрхангайн нутаг, Архангай, Төв аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байна. Харин бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй.
Сарын эхээр нутгийн баруун хэсгээр хүйтний эрч суларч, өдөртөө бага зэрэг дулаарна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-5ºС-ээр дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: Нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас 3-6ºС-ээр хүйтэн байх төлөвтэй байна.
Говийн аймгуудын нутгаар: Олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу байх төлөвтэй. Сарын эхээр ихэнх нутгаар хүйтний эрч суларч өдөртөө дулаарна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.