Архангай аймгийн Засаг дарга, аймгийн МАН-ын хорооны дарга асан, өдгөө ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга байсан Б.Өсөхбаяр, ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүх нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэж чадахгүй байна.
Уг нь тус шүүх гэм буруутай, эсэхийг нь дэнслэх хурлыг товлосон боловч нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаахаар шийдвэрлэжээ. Тэдэнд холбогдох хэрэгт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийнхүү хоёр дахь удаагаа нэмэлт ажиллагаа хийлгэх захирамж гаргаж буй юм. Үүнээс өмнө 2020 онд тус шүүхэд Ц.Мөнхнасан, Б.Өсөхбаяр, Т.Батсүх нарт холбогдох хэргийг хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр НПГ-т буцааж байсан билээ.
Архангай аймгийн ИТХ-ын дарга асан Б.Өсөхбаяр 2018 оны дөрөвдүгээр сарын 18-нд ИТХ нь хуралдаагүй байхад “Газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудал хэлэлцсэн” хэмээн хуурамч тогтоол гаргаж, улмаар аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нь хурал болоогүй гэдгийг мэдсээр байж дөрөвдүгээр сарын 19-нд уг хуурамч тогтоолыг АМГТГ-т хүргүүлж, Цэнхэр сумын нутаг, Шоронгийн ам гэх газарт 4.75 га газрыг бичил уурхайгаар ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гаргуулсан байдаг. Тэр дүгнэлтэд үндэслэн “Тунгалаг Тамир ар” гэх нөхөрлөлтэй таван жилийн хугацаанд бичил уурхайгаар ашиглах гэрээ байгуулсан юм. НПГ-аас тэднийг Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасны дагуу яллагдагчаар татсан ч хэргийг 2019 оноос хойш шийдвэрлэж чадалгүй өдий хүрч байгаа юм.
Үүнээс гадна Засаг дарга асан, ИТХ-ын төлөөлөгч Ц.Мөнхнасан ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүхийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэрэг үйлдсэн нь олон нийтийн сүлжээнд тухайн жилүүдэд олны анхааралд өртөж байсан билээ. Эл хэрэгтэй хамт Т.Батсүхийн албан тушаалаа урвуулан ашиглаж, хүрээлэнгийнхээ төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэх хэргийг ч шийдвэрлэх байсан юм. Эх сурвалжуудын мэдээлснээр Т.Батсүхийн хэрэгжүүлэхээр төсвийн хөрөнгөөс мөнгө авсан төслүүдийн үйл ажиллагаатай холбоотой баримтуудыг дутуу шалгасан гэх үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр болсон аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.