Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ерөнхий боловсролын сургуулийн гал тогоог засаж, “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл хангахын тулд орон нутгийн албан тушаалтнууд нь хахууль авсан хэрэгт холбогджээ.
Тус сумын ЗДТГ-аас Тендерийн үнэлгээний хороо байгуулж, ажлын хэсгийн даргаар нийгмийн бодлогын мэргэжилтэн Т.Бүрэнжаргал, гишүүнээр Соёлын төвийн эрхлэгч З.Задгай, сургуулийн нийгмийн ажилтан Ц.Мөнхжаргал, цэцэрлэгийн нягтлан бодогч Б.Батзул нар томилогдсон гэнэ. Улмаар энэ хүмүүсийн багтсан Тендерийн үнэлгээний хорооныхон сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засвар хийх 35, сумын төвийн зам засвар, гэрэлтүүлэг засварлах 60 сая төгрөгийн өртөгтэй хоёр ч сонгон шалгаруулалт явуулсан аж. Энэ болгонд барилгын засвар үйлчилгээ, хүнсний дэлгүүр, гадаад худалдаа, ачаа тээврийн үйл ажиллагаа явуулдаг “Соотон чоно” ХХК-ийг шалгаруулж байжээ.
Үүнийхээ хариуд тухайн компанийнхнаас тодорхой хэмжээний хээл хахууль авсан хэмээн нэр дурдсан хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болсон байна. Прокурорууд уг хэргийг хянаад, үнэхээр хахууль авсан уу гэдгийг нь тогтоолгохоор харьяалах орон нутгийн шүүхэд шилжүүлэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.