СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Увс аймгийн Өмнөговь сумын удирдлагын хахуулийн хэргийг тус аймаг дахь шүүх шийдэж чадах уу

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
9 сарын өмнө

Увс аймгийн Өмнөговь сумын удирдах албан тушаалтнууд багтсан 11 хүнд яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлснийг өчигдөр прокурорын байгууллагаас албан ёсоор мэдээлэв.

Уг нь эл хэргийг АТГ-ынхан 2022 оны зун шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэхээр болоод байсан юм. Гэвч шүүх, прокурорын шатнаас буцсаар байжээ.

Ер нь тус аймаг дахь шүүхэд шилжүүлсэн, олны анхаарал татсан авлига, албан тушаалын хэргүүдийг шийдвэрлэсэн нь цөөн.

Тухайлбал, нүүрсний гэх хэргийн хүрээнд шалгасан АТҮТ-ийн дэд захирал Х.Баярхүү, Увс аймаг дахь АТҮТ-ийн удирдах албан тушаалтан У.Золбоо тэргүүтэй хүмүүсийн хэргийг шийдвэрлээгүй. Бас Давст сумын удирдах албан тушаалтнуудтай холбоотой хэрэг тус шүүхэд “мартагдсан”. Энэ удаа Өмнөговь сумын удирдлагын хахуулийн хэргийг хэрхэх бол.

Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын дарга Д.Даваасүрэн, Засаг дарга С.Өлзий, Засаг даргын орлогч Х.Давааням, ЗДТГ-ын албан тушаалтан Ц.Дэвээ, тус сумын Холбоо багийн Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч Б.Цэрэннадмид, “Шижир голд майнинг” ХХК-ийн захирал Я.Цэдэнбал, “Бид намирын эзэд” ТББ-ын гишүүн Э.Батболд тэргүүтэй хүмүүс хээл хахууль авсан, өгсөн хэрэгт холбогдсон юм.

Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн Цэрэнцэг хэмээх газарт түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх гэрээг Засаг дарга С.Өлзийтэй “Бид намирын эзэд” ТББ-ын нэрээр Я.Цэдэнбал, Э.Батболд нар байгуулж, нөхөн сэргээлт хийхээр болсон аж.

Ингэхдээ холбогдох хууль журмыг зөрчиж, иргэдээс нөхөн сэргээлт хийхийг дэмжиж байгаа талаарх гарын үсэг цуглуулан, Иргэдийн нийтийн хурлын тогтоол үйлдэхэд дээр дурдсан хүмүүс болон ИТХ-ын төлөөлөгч Ц.Бямбажав, Н.Баатаржав, Холбоо багийн иргэдийн нийтийн хурлын дарга Д.Сайнбаяр, тэргүүлэгч Н.Батбаяр, Д.Эрдэнэсүрэн, Ц.Бадамгарав оролцсон хэмээн буруутгагдаж буй гэнэ.

Ингэхдээ 500 мянгаас 10 сая хүртэлх төгрөгийн хахууль авсан хэмээн яллагдагчаар татагдсан юм. НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 22.4-4-ийн нийтийн албан тушаалтан хахууль авсан, 22.5-2-т заасан хахууль өгсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.