Суут сэтгэгч Эйнштейний таалал төгсөхөөсөө жилийн өмнө Германы философич Эрик Гуткиндэд бичсэн тэмдэглэлийг дуудлагаар худалджээ. Нью-Йоркод болсон дуудлага худалдаагаар Эйнштейний захидал 1-1,5 сая ам.доллар хүрнэ гэж таамаглаж байсан бол үүнээс хоёр дахин өндөр үнэд буюу 2,9 сая ам.доллар хүрсэн байна.
Эйнштейний бичсэн бусад тэмдэглэлээс уг тэмдэглэлийг онцлон судлаачид “Бурханд бичсэн захидал” хэмээн нэрлэсэн байдаг. Энэ захидлаас түүний бурхан шашин ба шинжлэх ухааны байр суурийг бэлхнээ харж болдог ажээ.
1954 онд буюу 74 настайдаа Герман хэлээр бичсэн зурвастаа Эйнштейн “Бурхан бол миний хувьд хэн ч биш бөгөөд хүн төрөлхтний сул дорой байдлын илэрхийлэл. Миний энэ бодлыг өөрчлөх юу ч байхгүй. Бусад бүх шашны хувьд ч мухар сүсэг төдий зүйл. Еврей гаралтай хүмүүс өвөг дээдсээрээ бахархах дуртай ч бусдаас ялгарах зүйл огт үгүй” хэмээн бичжээ. Тэрээр Еврей гаралтай ч шашны эсрэг байр суурьтай шинжлэх ухаанд итгэгч нэгэн байсан юм.
Урьд өмнө дуудлага худалдаагаар Эйнштейний хэд хэдэн захидлыг худалдсан. Өнгөрсөн жил Италийн химийн оюутанд бичсэн захидал нь 6,100 ам.доллараар, мөн аз жаргалтай амьдрахөд зориулсан зөвлөгөө тэмдэглэл нь 1,56 сая ам.доллараар зарагдаж байжээ.
Эх сурвалж: www.bbc.com