Эмэгтэй хүнийг орцонд хутгаар олон удаа гэмтээсэн хэрэг Сэлэнгэ аймагт гарчээ.
Тус аймгийн "Сүхбаатар сумын нутаг дахь нэгэн орон сууцын орцонд хутгалуулсан хүн байна" гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсний дагуу шалгахад 49 настай Н гэх эмэгтэй нуруу, гар, хүзүү зэрэг газраа хутгаар олон удаа хутгалуулж шархадсан байсан аж. Хохирогч эмэгтэйгээс тухайн хэргийг үйлдсэн этгээдийн талаарх мэдээллийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд авч, эрлийг зохион байгуулан сэжигтэн эр Алтанбулаг боомтод очсон байхад нь саатуулсан гэнэ. Уг хэргийг Дархан-Уул аймагт оршин суудаг, өмнө нь эрүүгийн хэрэгт холбогдон ял шийтгүүлж байсан Д.М гэх эр үйлдсэн хэмээн буруутгагдаж буй юм.
Орон нутгийн эх сурвалжууд “Тухайн эмэгтэй багш бөгөөд ажлаасаа ирэхэд нь орцонд 15-16 орчим удаа хутгалсан” гэсэн мэдээлэл өгөв.
Үүнээс өмнө Хэнтий аймгийн Хэрлэн сумд төрсөн ахыгаа хутгаар олон удаа шархдуулж хөнөөсөн хэрэг гарсан байна. Тодруулбал, тус сумын нэгэн айлд 32 настай С.О гэдэг залуу төрсөн ахтайгаа согтуудаа маргалдаж, нуруу, цээж зэрэг газарт нь хутгалж амийг нь егүүтгэсэн аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.