СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2024-02-19

Дэлхийд хосгүй дөрвөн үеийн бүргэдчид

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
9 сарын өмнө

Сүрлэг өндөр уулсын дээгүүр халин, дүүлэн нисэх хүчит шонхор бүргэд. Морин дэлэн дээр бүргэдийн хамт хурдлан давхих баатарлаг эрс. Хөдөөгийн нам гүм аниргүйд утаа суунаглах гэрүүд. Үйлийн сайхныг урлаж, гэрээ гоёх, ажилсаг эмэгтэйчүүд. Ийм нэгэн өвөрмөц амьдралын хэв маяг, хэдэн зууныг өртөөлөн буй өв уламжлал, түүх соёлоо хадгалан ирээдүй хойчдоо түгээн дэлгэрүүлж буй дэлгэр уудам Монголынхоо нэгэн эд эс бол Казах түмэн.

Дэлгэсэн тэрлэг шиг уудам эх орныхоо баруун хязгаарын гал голомт, хаяа хзягаараа манан оршиж буй Казах түмний нэгэн төлөөлөл, бүргэдийн соёлоо дөрвөн үеэрээ уламжлан яваа нэгэн гэр бүлийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Удмын бахархал” буландаа онцоллоо.

Бүргэдчин удмынхаа дөрөв дэх үеийн төлөөлөл болсон Баян-Өлгий аймгийн Сагсай сумын дөрөвдүгээр багийн харьяат бүргэдчин Манаа овогтой Асылбекыг бид нийтлэлийнхээ зочин хойморт урьж, удмын хэлхээгээр зочилсоноо хүргэе.

Өвөө дурсамж

Казах бүргэдчид өв уламжлалаа өвлөн, түгээн дэлгэрүүлэхээс гадна ихэвчлэн энгийн нүүдэлчин, малчин амьдралаар аж төрдөг хүмүүс. Ер нь нүүдэлчин ахуй, бүргэд гаршуулах, ан хийх ёс уламжлалыг ялгаж салгахын аргагүй нэгэн орон зай гэлтэй. Бидний онцолсон энэ удаагийн зочид ч ийм л нэгэн энгийн даруу амьдралын хэв маягаар аж төрж, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлж яваа хүмүүс.

Ийнхүү нийтлэлийн маань баатар М.Асылбек элэнц өвөө, өвөө нарынхаа тухай дурсамж яриа дэлгэж бид ярилцлагаа эхлүүлсэн юм. Тэрбээр “Аав маань өвөө нарын тухай бидэнд ярьж өгдөг байсан” хэмээв.

Түүний  элэнц өвөө болох Тандайбай нь нутаг усандаа алдартай бүргэдчин хүн байжээ. Тухайн үед нийгэм цаг үе хэцүү байсан учир бүргэдээр ан хийж, айл хотлоо тэжээдэг байсан гэнэ.

Бүргэдчин удмын хоёр дахь үеийн төлөөлөл болох нийтлэлийн баатар М.Асылбекын өвөө Раймхан нь мөн л өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн. Өвөө Раймхан нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын уугуул. Тэрээр нэгдлийн үед мал малладаг байжээ. Мөн мал маллахын хажуугаар  бүргэдээ гаршуулж, ан хийдэг, нутаг усандаа алдартай бүргэдчин хүн байсан гэнэ. Түүнчлэн 1959 онд Сагсай сум үүсгэн байгуулагдахад сумын орлогч даргаар ажиллаж төр, түмнийхээ төлөө зүтгэж явсан, ажилсаг, хөдөлмөрч нэгэн байжээ. 

Ийнхүү төрийн албанд ажиллахдаа тэрбээр бүргэдийнхээ  өв уламжлалыг орхилгүй бүргэд гаршуулж, ан хийхээс гадна ажилдаа явахдаа  хүртэл бүргэдээ гартаа суулгаад л явдаг  хүн байсан хэмээлээ.

 Аав хөрөг

Бүргэдчин удмын гурав дахь үеийн төлөөлөл М.Асылбекын аав Манаа гуайг бид нийтлэлийнхээ энэ хэсэгт онцоллоо. Тэрээр хүүхэд байхаасаа бүргэдийн соёлыг харж өсөж, цэл залуу хорин настайгаасаа бүргэдчин болжээ.

Бүргэдийг тэнгэрийн амьтан гэлцдэг. Хэдий Манаа гуай тэнгэрийн шувуудтайгаа хөх тэнгэрт халин одсон ч түүний бүргэдчин хэмээх удмыг хүүхдүүд нь үргэлжлүүлэн  яваа нь бахдалтай сайхан санагдана. Манаа гуайн  ханийг Шолпан гэдэг. Шолпан гуай хүүхдүүддээ үг, үйлдлээрээ ерөөлийн дээдийг хайрлан өнөр өтгөн удмынхаа  түшиг тулгуур нь болон бага хүүгийндээ амьдарч буй.

Казах ёсонд бага хүүгээс бусад нь шинэ гэр барьж өрх тусгаарладаг бөгөөд харин бага хүүдээ өөрийн гэр гал голомтоо залгуулан уламжлуулдаг заншилтай. Манаа, Шолпан гуай хоёр зургаан хүү, таван охин төрүүлж өсгөжээ.

Манаа гуай улсдаа төдийгүй дэлхийд алдартай бүргэдчин. Тэрээр Монгол Улсынхаа аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.

1996-1997 оны үед  манай улсыг зорих жуулчид нэмэгдсэн байна. Ялангуяа Баян-Өлгий аймгийг зорих жуулчдын тоо нэмэгджээ. Учир нь Баян-Өлгий аймгийн Алтай Таван Богдын үзэсгэлэнтэй газрууд, Казах үндэстний  ёс заншил болон бүргэдийн соёл зэрэг нь жуулчдын харааг булаадаг үнэт зүйл байдаг. Энэ үеэр буюу 2000 онд Монгол Улсад Бүргэдчидийн холбоо байгуулагдаж, анхныхаа баярыг зохион байгуулж байсан түүхтэй.

Манаа гуай Монголын анхны Бүргэдийн баярын шилдэг бүргэдчин. Тэрээр ур ухаан, авьяасаараа бусад бүргэдчидээ тэргүүлж, тэмцээндээ амжилт гарган түрүүлж  байжээ. Мөн дараа жил буюу хоёр дахин удаагийн Бүргэдийн баярын шилдгээр шалгарч хошой аварга болсон түүхтэй. Ийнхүү тэрээр нутаг ус, эх орон, төдийгүй дэлхийд танигдаж эхэлжээ.  

Монгол Улсад 2000 онд Бүргэдчидийн холбоо байгуулагдсанаас хойш  бүргэдийн соёлыг дэлхийд сурталчилж эхэлсэн байна. Манаа гуайн бүргэдийн соёлыг дэлхийд сурталчилсан нэг үйл хэрэг нь  олон улсын баримтат киноны гол дүрийг  бүтээсэн явдал нь байв.

2004  Японы NHK телевизээс бүргэдчин, бүргэдийн тухай баримтат кино хийхээр болж Манаа гуайг сонгож, тоглуулсан түүхтэй. “Бүргэд хүүхэд хоёр”  баримтат кинонд  бүргэдийн үүрнээс ангаахай авах, бүргэдээр ан ав  хийх соёлын тухай өгүүлдэг байна

Манаа гуай бол тэнгэрийн амьтан бүргэдийн  үнэнч, сайн нөхөр төдийгүй тэрээр бүргэдийг гэр бүлийн нэг гишүүнээ хэмээн хүндлэн дээдэлдэг байжээ.

Тэрээр 68 насандаа бурхан болсон ч түүний амьдралаас бүргэдийн орон зайг ялгаж салгахын аргагүй.  Нийтлэлийн баатар М.Асылбек аавынхаа тухай нэгэн дурсамжийгбидэнтэй хуваалцлаа. 

Тэрбээр “Нас өндөр  болж, ядруухан биетэй байхдаа аав минь нэг удаа гэрээсээ гарч өөрийнхөө бүргэдийн дэргэд очоод “Зоригт бүргэд минь ээ, би чиний хэлийг мэдэхгүй ч би чамайг бүхнээс илүү мэддэг, ойлгож чаддаг шүү. Энэ цаг мөчөөс хойш би чамайг харж  хандаж, чиний гайхамшигт нислэг, анч чадварыг үзэхгүй боллоо. Миний амьдралын турш намайг аз жаргалтай, байлгаж, миний анд нөхөр минь байсан чамд би хязгааргүй, их баярлаж бахаддаг шүү. Би чамайг удахгүй тавьж явуулаарай гэж хүүдээ захина” гэж аяархан яриад бүргэдээ дахин дахин илж байхыг би харсан.

Тэр үед би  аав дээрээ очиж ч, дуугарч чадахгүй болсон”  хэмээсэн юм. Аавыг нь насан өөд болоход бүргэд нь хүү Асылбекынд үлдсэн байна. Аавынхаа бүргэдээр хоёр жил ан хийж, залуу буюу дөрвөн настай байхад нь тавьж явуулж байжээ.

Манаа гуай үнэхээр алсын хараатай хүн гэдэг нь хүүгийнх нь ярианаас мэдрэгдсэн юм.

Манай нийтлэлийн баатар болох М.Асылбек  2013 онд ШУТИС-ийг цахилгааны инженер мэргэжлээр төгссөн байна. Тэрбээр сургуулиа төгсөөд хотод 2008-2015 онд мэргэжлээрээ ажиллаж, амьдарчээ. Тухайн үед аав нь хүүгээ нутагтаа ажиллаж амьдрахыг хүсчээ.

М.Асылбек: Бүргэдийг гартаа суулгаад давхихаар баатарлаг,  хийморлог санагддаг

Нийтлэлийн маань баатар, бүргэдчин удмын дөрөв дэх үе болох М.Асылбек Баян-Өлгий аймгийн Сагсай сумандаа гэр бүлийн хамт  амьдарч байна. Түүний эхнэрийг Сетерхан овогтой Нургүлсин гэдэг. Тэд гал голомтоо бадрааж, өрх тусгаарлан Жамбыл, Абай, Сырым  гэсэн гурван хүү Ару хэмээх охинтой болж өвөг дээдсийнхээ бүргэдийг соёлыг уламжлан, түгээж сайхан амьдарч буй. Ийнхүү түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Бүргэдийн соёлыг дөрвөн үеэрээ уламжлан, дэлгэрүүлж яваа удмын тань түүхээс хуваалцахад бахархалтай сайхан санагдлаа. Өвөө, аав, ээж гээд бахдам сайхан хүмүүс юм. Та гурван хүүтэй юм байна. Танай удмын тав дахь үеийн бүргэдчин төрөх нь  гарцаагүй бололтой?

-Тийм ээ. Бид  аав ээжээсээ 11-үүлээ. Зургаан хүү, таван охин. (Ах Талапхан, Айбек, Дайынбек, дүү Нурасыл, Шынасыл, эгч Көнилжай, Саулегүл, охин дүү Ахерке Жанерке, Сунхар) Би зургаа дахь хүүхэд нь. Ах дүү бид зургуулаа  бүргэдчин, нэг, нэг бүргэдтэй. Бүргэдийн баяраар ах дүү нар маань аавыг дагаад  хамт оролцдог байсан. Ах дүү нарын маань хүүхдүүд ч бүргэдэд хайртай, бүргэдчид. Миний том хүү арван настай. Хүүхэд бүр аавыгаа дуурайдаг гэж боддог. Гурван хүү маань бүргэдэд их хайртай. Хамгийн бага хүү маань “бүргэд” гэж хэлд орж байсан. Манай хүүхдүүд тав дахь үеийн бүргэдчид болж байна.

-Таны амьдралаас ч гэсэн бүргэдийг ялгаж салгахын аргагүй том орон зай юм байна. Анх хэрхэн бүргэд гаршуулж, анхны ан аваа хийж байсан дурсамжаасаа хуваалцаач?

-Тэгэлгүй яахав. Би ухаан орсон цагаасаа л бүргэдтэй хамт өссөн. Бүргэд миний итгэлт, найз, бахархал минь юм. Хүүхэд байхдаа аав минь ан хийж, ээж маань ангийн арьсаар малгай, дээл оёдог байсан. Нэг удаа өвлийн амралтаараа ах дүү хоёртойгоо нэг дэгдээхийгээ аваад морио сургахаар уул руу мордсон юм. Тэр үед манайх ууланд өвөлжиж байсан. Ах маань гартаа бүргэдээ бариад бид гурав явсан. Бид ууланд гарсан чинь нэг үнэг явж байсан. Тэгээд л үнэг рүү бүргэдийг тавьж, анхны ангаа хийсэн бидний хувьд мартагдахааргүй үйл явдал болсон.

Гэр маань нэг км-ийн зайтай л харагдаж байсан. Тэгээд бид гурав алсаас “Ээж ээ бид гурав үнэг барилаа” гэж хашгирсан. Тухайн үед аав маань гэрт байгаагүй юм. Тэгээд бид гурвыг гэрт ороход ээж минь идээ засаад “Миний гурван хүү бүргэдчин болсон нь харагдаж байна” гэж хэлж, биднийг угтсан нь мартагдахааргүй сайхан санагддаг.

-Та аавтайгаа хамт Японы NHK телевизийн “Бүргэд хүүхэд хоёр” баримтат кинонд тоглож байсан юм байна лээ. Сэтгэлд тань хамгийн тод буудаг цаг үе болов уу?

-2004 Японы  NHK телевизээс бүргэдчин, бүргэдийн тухай  баримтат киноны гол дүрд тоглох хүүхэд шалгаруулж, би тэнцсэн юм. Тухайн үед би 14 настай байсан. Тэгээд тэр оныхоо гуравдугаар сараас аавтайгаа цуг бүргэдээ хайж, Даян хэцүү хад гэсэн үүрнээс хоёр дэгдээхий авч өсгөсөн. Тэр үед анх дэгдээхийгээ гартаа суулгаад морь дээр мордож байлаа. Энэ миний  анхны бүргэд байсан. Энэ дэгдээхийгээ өсгөж, кинонд тоглосон доо. Би энэ хугацаанд  4-5 бүргэд барьсан байна.

Аав маань 20 настайдаа бүргэдчин болж, арав гаруй бүргэд барьсан гэж ярьж байсан. Хамгийн удаан барьсан бүргэд нь 15 жил. Их анчин бүргэд байсан. Аймгийнхаа бүргэдийн баярын хоёр жилийн түрүүг хамгийн олон жил барьсан бүргэдээрээ авсан түүхтэй. 

Нэг удаа аавын анчин найз нь манайд ирж аав тэр хоёр 2-3 хоног анд яваад ирэхдээ аав маань бүргэдгүй нэг морь хөтлөөд ирсэн. Тэгсэн ээж маань ааваас “Бүргэд хаана байна вэ” гэж асуухад аав “Мориор сольчихлоо” гэсэн. Тухайн үед ээж минь “Хүүхүүдийнхээ бүргэдийг яагаад зарж байгаа юм бэ” гээд өглөөнөөс орой хүртэл уйлж байсан даа. Харин аав маань цасанд шуургатай байсан учраас бүргэдээ өлгийдөөд найзынхаа машинд тавьж явуулаад өөрөө найзынхаа морийг хөтлөөд гэртээ ирсэн юм билээ. 

Бид ийм л бүргэддээ хайртай. Хүүхэд байхаас эхлээд аавыг анд яваад ирэхэд нь ан барьж уу гээд ганзагыг нь хараад зогсдог байсан даа. Аав маань моринд их хурдан морддог эрэмгий хүн байсан. Намайг аав минь удаан хөдөлгөөнтэй гэдэг байсан. Сүүлдээ би мориндоо их хурдан морддог болсон л доо.

М.Асылбек ах, дүү хоёр хамт

-Аав нь бүргэд гаршуулах, ан хийх тал дээр хэрхэн зааж, зөвлөдөг байсан бэ?

-Аавынхаа бүргэд гаршуулах, ан хийх ухааныг багаасаа л харж өссөн. Аав минь бүргэд их сайн шинжинэ. Нутгийн айлууд шинэ бүргэд авахаараа манайд ирж ааваар шинжүүлдэг байсан. Бас гэрт аваачина. Тэр болгонд нь ах дүү бид нар дагаад л явдаг байсан. Тиймээс бид бүргэдийн соёлын арга ухааныг  хүүхэд байхаасаа анзаарч өссөн дөө. Аав маань бас бидэнд зааж, зөвлөнө. Тухайлбал, далавчны хорхой гээд бүргэдийн өвчин бий. Тиймээс хэрхэн хорхойтуулахгүй байх, хэрхэн эмчлэх вэ, шинэ бүргэд барихдаа цочоож болохгүй, догшин бүргэд ямар нэгэн байдлаар хүнээс айгаад гэмтэх эрсдэлтэй, түүнээс болгоомжлох хэрэгтэй гээд зааж зөвлөдөг байсан.

Манай Сагсай сум бүргэдчидийн өлгий нутаг. Монгол Улсын бүргэдчидийн 60 хувь нь манай суманд амьдардаг.  Аав маань Бүргэдчидийн холбоо, бүргэдийн соёлыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан. Мөн ав бүргэд шинжих, сойж уяах тал дээр алдартай. Тиймээс одоо ч нутгийн хүмүүс аавын тухай ярьдаг. Аав маань ууланд бүргэд  бариад явж байхдаа морины замд чулуу таарвал манай хүүхдүүд, ач зээ нар үүгээр ан хийгээд явбал морь нь бүдрэх вий гээд чулууг түүж авдаг гэж ярьдаг байсан.

-Бүргэдийг хэдэн нас хүрэхээр буцааж байгальд тавьдаг вэ?

-Бүргэдийн хэр анчин гэдгээс хамаараад янз бүр байдаг. Удаандаа 7-10-аад жил барьдаг хүмүүс байсан байна.  Бид нар 7-8 жил бариад явуулдаг. 

Бүргэд 30-40 насладаг хэмээн ахмад буурлууд маань ярьдаг байсан. Бүргэдээ тавихдаа дараагийн бүргэдийг дасгаж авсны явуулдаг. Бүргэдийг тавьж явуулах цаг хугацаа гэж байна. Тухайлбал, Бүргэдийг өвлийн улиралд тавьж явуулдаггүй. Хоол элбэг байдаг учраас зуны улиралд тавьж явуулдаг. Харанхуй газар уяж, тэжээж таргалуулж байгаа тавьж явуулахад байгалийн амьтан учраас хурдан дасдаг. Бүргэдийг тавьж явуулах олон шалтгаан бий. Нэгдүгээр, бүргэд үр төлтэй болох ёстой шүү дээ.

Мөн амьтад хээлтэй болсон байдаг учраас хавар, зун ан хийдэггүй. Харин бүргэдээр есөн сараас хоёр сар хүртэл ан хийдэг.

Бүргэдийг барих 3-4 арга бий. Дэгдээхий байхад нь үүрнээс нь авдаг. Бүргэд ихэвчлэн хоёр дэгдээхий гаргадаг. Тиймээс  нэгийг нь аваад нэгийг нь заавал үүрэнд нь үлдээдэг ёс заншилтай. Өгөөш тавьж хавхаар барьдаг. Мөн тор тойруулж тавиад дотор нь өгөөш тавьж барина. Бүргэдийг ангаа идэж дууссаны дараа мөрөөр нь хөөж уургалж, бугуйлдаж барьдаг. Анх хийхэд хамгийн тохиромжтой нь байгалиас барьсан бүргэд байдаг. Гэхдээ байгалиас барьсан бүргэдийг сургахад цаг хугацаа шаарддаг. Хамгийн номхон, дөлгөөн хүн, мал, нохой руу дайрахгүй бүргэд бол зэрлэгээс нь авсан бүргэд.

Гэхдээ бид бүргэдийг зөвхөн анд ашиглах сэдлээр ханддаггүй. Казах түмэн бүргэдийг их хүндэлж, гэр бүлийнхээ нэг гишүүн гэж үздэг. Бүргэдээ загнаж, цохиж болохгүй. Бүргэдийг шувууны хаан хэмээн бид хүндэлдэг. Гэрт бүргэд байхгүй үед эзгүй санагддаг даа. Аав минь ч гэсэн хүүхдүүддээ яаж харьцдаг шиг ээ бүргэдээ хайрладаг байсан. Бид бүргэдийн ангаахайг үүрнээс нь  авсан үеэс эхлэн эх бүргэдийг орлохыг хичээдэг. Бүргэд шувуу бол  хамгийн өндөрт нисдэг, хамгийн зоригтой шувууны хаан. Хамгийн өндөрт үүр засдаг. Бүргэд хүн бүртэй найзладаггүй. Хүн бүр ч бүргэдчин байж чаддаггүй. Үе дамжиж ирдэг.

Мөн бүргэдчин хүнийг сургуульд сураагүй ч гэсэн эрдэмтэн гэж боддог. Учир нь 2-3 настай тэнгэрийн амьтантай нөхөрлөж, зүснээс нь хараад л хүйс, нас, аль нутгийн бүргэд вэ гэдгийг ялгаж мэддэг. Бүргэдийг гартаа суулгаад морь унаад давхихаар баатарлаг, хийморлог санагддаг. Амьдралд тохиолдсон хүнд хэцүүг тухайн агшинд мартаж чаддаг даа. Бүргэдтэйгээ ярилцаад ууланд явахад бүргэд бид хоёроос өөр хүн байхгүй мэт мэдрэмж төрдөг.

-Та удмынхаа дөрөв дэх үеийн бүргэдчин гэсэн хүндтэй үүргийн  өвлөж яваагийн хувьд  бүргэдийн соёлыг түгээн дэлгэрүүлэх тал дээр хэрхэн анхаардаг вэ?

-Миний хамгийн санаа зовнидог зүйл бол бүргэдийн соёлыг устгахгүйгээр дараагийн үедээ өвлүүлэн үлдээх. Би Казах үндэсний ёс заншил болон бүргэлийн соёлоороо эх орноо дэлхийд суртчилах гэсэн том зорилгыг тээж явна даа. Сүүлийн үед  ашиг сонирхлын төлөө гарч ирж байгаа бүргэдчид байна. Бид нар Улаанбаатарт очоод Цонжинболдогийн ядарсан бүргэдийг харсан. Бүргэдийн соёлыг суртчилах нэг хэлбэр нь аялал жуулчлал ч гэсэн  бүргэдийг ядрааж болохгүй.

Ийнхүү нийтлэлийн маань баатар Баян-Өлгий аймгийн  Сагсай сумын дөрөвдүгээр багийн харьяат бүргэдчин Манаа овогтой Асылбек өвөг дээдсийнхээ гал голомтоо бадраасан нутаг усандаа аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн энгийн даруу амьдарч байна.

Түүний үйл хэргийг үнэлж 2023 онд Аялал жуулчлалын тэргүүний ажилтанаар тодруулсан. Мөн гэрэл зурагчин, Б.Батзаяа монголд анх удаа “Бүргэд” номоо нийтлүүлж, М.Асылбекыг гол дүрээрээ онцолсон билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 32 (7276)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.