Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барьсантай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролын чанарыг дээшлүүлэх чиглэлээр нийслэлээс хийж, хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгөв.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг:
-Сургууль, цэцэрлэгийн асуудлыг сүүлийн хоёр жил ихээхэн анхаарч төсөвт тусгаж ирсэн. Цэцэрлэгийн хамран сургалт 92.5 хувьд хүрээд байна. Харин 381 мянган хүүхэд 309 ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Нийслэлийн хүн амын тэлэлтийг харахаар жилд 20 мянган хүүхэд ЕБС-д элсэн орж байна гэдэг судалгаа байна. Сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, засвар, шинээр барихад 122 тэрбум төгрөгийг тусгасан байсан.
Энэ тодотголын онцлог нь шинээр баригдсан суурьшлын бүсэд газар чөлөөлж, улсын цэцэрлэг, сургуулийг байгуулъя гэж зорьсон. Нийтдээ 11 цэцэрлэг, сургуулийн асуудлыг төсвийн тодотголдоо оруулж, 26.3 тэрбум төгрөгийг шинээр төсөвлөсөн. Нийт 146 тэрбум төгрөгийг төсөвлөж байна.
Мөн улсын харьяа 29-р тусгай сургуульд олон жилийн турш дорвитой засвар хийгээгүй. Энэ дээр нийслэлээс 4.5 тэрбум төгрөгийн капитал засвар хийхээр төлөвлөж байна. Тооцооллоор 2024, 2025 онуудад сургууль, цэцэрлэгийн хөрөнгө, мөнгийг дорвитой шийдэж байгаа.
Үүний дараа чанарын хүртээмжийг анхаарна. Жишээлбэл, нийслэлийн төвийн сургуулиудын ачаалал эрс нэмэгдсэн. Энэ хичээлийн жил 47 сургууль гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй байна гэдэг судалгаа байгаа. Иймд өргөтгөл барилга барьж байгаа. Цаашдаа хотын төвийн сургуульд өргөтгөл хийнэ гэхээсээ илүүтэйгээр хотын захын сургуулиудад боловсролын чанарыг дээшлүүлье гэж байгаа. Хотын төвийн сургуульд сурч байгаа хүүхдүүдийн 25 хувь нь өөрийн хамран суралцах тойргийн гаднаас ирж байгаа. Түгжрэлийн бас нэгэн шалтгаан нь энэ болж байна. Гэртээ ойр сургууль хамгийн сайн байх ёстой гэдгийг анхаарч байна. Англи, америк багш нарыг авчрах сургалтын чанарт анхаарч ажиллаж байна.
Газар чөлөөлөлттэй холбоотой зөвшилцөж буй таван байршил байгаа. Эко констракшнтай зөвшилцөлд хүрсэн гэж ойлгож болно. Мөн дахиж сургууль, цэцэрлэг барих шаардлагатай арван байршил байна. Ихэвчлэн Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул гэсэн гэр хороолол, шинэ суурьшлын бүсүүд байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хувийн сургуулиуд Монгол бичгийн хичээл орохгүй байгаа нь ямар учиртай юм бэ? энэ нь ямар эрх зүйн орчиноор зохицуулагдах вэ? яах ёстой юм болоо. Сургуулиа төгссөн чинь тэр хэл нь байхгүй болохоор яах ёстой юм бэ?