Өчигдрөөс /2024.02.15/ баруун аймгуудын нутгаас эхэлсэн хүчтэй шуурганы улмаас зам даваа хаагдаж, байгалийн гамшигт үзэгдлийн шинж илэрч эхэлжээ.
Тухайлбал, өчигдөр оройны 19:30 цагийн байдлаар Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн уулархаг хэсгээр хүчтэй цасан шуурга шуурснаас А0306 дугаартай Өлгий-Цагааннуур-Улсын хил чиглэлийн авто замд үзэгдэх орчин хязгаарлагдаж, авто замын зорчих хэсэгт цас ихээр хунгарлагдаж, тээврийн хэрэгслүүд даваагаар давахад хүндрэлтэй байна.
Тус чиглэлийн 42-43 дах км буюу Зээгтийн даваанд саатсан тээврийн хэрэгслүүдийг даваагаар гаргаж авто замд хунгарласан цасыг зам хариуцагч "Жол" ХХК-ийн шуурхай ажлын хэсэг Авто ачигч-2 бүрэлдэхүүнтэй уртасгасан цагаар цас цэвэрлэх ажил хийгдэж байна.
Мөн А1701 дугаартай Улаангом-Ховд чиглэлийн авто замын Улаангом талаас 35-55 дахь км-т хүчтэй цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Зам хариуцагч “Увс АЗЗА” ТӨХК-ийн шуурхай ажлын хэсэг Цасны машин-1, Авто ачигч-1, Автогрейдер-1, Үйлчилгээний машин-1, ИТА-1, Замчин-5 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна
Иймд авто зам хэрэглэгч та бүхнийг тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говь-Алтайн нутаг, Увсын өмнөд, Баянхонгорын баруун хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, Увсын зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн хойд, Сэлэнгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.
Маргааш ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
Тодруулбал, зудын нөхцөл байдалд үнэлгээ хийхэд таван аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 сум цагаанаар зудархуу нөхцөлд байдал үүсэж, нийт 13.5 мянган айл цасанд боогдож, 38.4 мянган км зам харгуй хаагдаад байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.