Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Төрийн дээд цол, одон, медаль гардуулах үйл ажиллагаа үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан Монгол Улсын Алдарт уяач цол хүртлээ. Тэрээр баярын сэтгэгдлээ хуваалцлаа.
Монгол Улсын Алдарт уяач Ц.Туваан:
-Монгол Улсын Алдарт уяач цол хүртсэндээ баяртай байна. Монголчуудын эрийн гурван наадам гэж биширч, хүндэтгэж явдаг наадгайн нэг төрөл болох хурдан морины салбарт олон жил ажиллалаа. Олон жил морь уялаа. Өнөөдөр улсын цол хүртсэндээ үнэхээр их баяртай байна.
Би улс, бүсийн наадмын 10 айраг, түрүү авсан амжилтаараа энэ шагналыг хүртлээ. Манай нутгийн уул ус сайхан түшиж байна. Миний аав Төв аймгийн Баянжаргалан сумын хүн. Ээж Төв аймгийн Мөнгөнморьт сумынх. Би өөрөө Эрдэнэ суманд өссөн. Олон сайхан уяачдын дунд өссөн. Анх долоо настайгаасаа морь унаж эхлээд, дараа нь туслах уяачаар ажилласан. Морь гэдэг тэнгэрлэг хүлэгтэй холбогдоод 40 гаруй жил болжээ. Сайхан байна.
Энэ завшааныг ашиглаад нэг гал уяанд морь уяж байсан аймгийн алдарт уяач Зоогий дүүдээ, хурдан морины зүтгэлтэн найз Намдаа, Монхоорой нартаа баярлалаа. Монгол түмэн, нутгийн зон олон минь ирж буй луу жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Морины босоо цагаан хийморь Монголчуудыг минь мөнхөд ивээх болтугай гэж ерөөе.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.