СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Говь-Алтай аймгийн Бугат сумын Биж багаас тав дахь “Улсын аварга малчин” төрлөө

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

Сар шинийн өмнө хахир өвлийг өнөтэй давж хавартай золгож буй малчин түмнийхээ хөдөлмөрийг үнэлэн Монгол Улсын Засгийн газраас “Улсын аварга малчин” хэмээх эрхэм хүндтэй шагналыг гардуулдаг уламжлалтай. Энэ жил Говь-Алтай аймгийн Бугат сумын малчин Р.Ширчинням “Улсын аварга малчин” боллоо. Монгол Улсын Засгийн газраас олгодог энэхүү эрхэм хүндтэй шагналыг нь Монгол Улсын сайд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан хотонд нь очиж гардуулжээ.

Говь-Алтай аймгийн Бугат сумын Биж багаас өмнө “Улсын аварга малчин” дөрөв төрөн гарсан байдаг. Тэгвэл энэ жил малчин Р.Ширчинням багийнхаа 5 дахь Улсын аварга малчин боллоо.

Байгаль, цаг уурын эрс тэс уур амьсгалд 27 жил мал маллаж буй тэрээр малын үүлдэр угсааг тогтмол сайжруулж, бэлчээрийг тодорхой хувиараар ашиглаж, отор нүүдэл хийж малын тарга тэвээрийг бүрэн авхуулж байна. Аварга малчин Р.Ширчинням жил бүр нийт мал сүргийнхээ 18 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулдаг бөгөөд энэ нь бэлчээрийн даацад эерэгээр нөлөөлдөг байна.

  

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТОНХИЛ СУМЫН МАЛЧИН С.МӨНХБАТ “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” БОЛЛОО 

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багийн малчин С.Мөнхбат нь 32 жил мал маллаж байгаа юм. Сар шинийн босгон дээр С.Мөнхбатын гэр бүл “Улсын аварга малчин” боллоо. Аварга малчин С.Мөнхбат ах дүү долуулаа бөгөөд бүгд мал маллаж, ашиг шимээ түмэн олондоо хүртээж байгаа ах дүүс. Шинэ аварга малчин С.Мөнхбатын ах С.Баянмөнх нь 2019 онд “Улсын аварга малчин” болж байсан бол 5 жилийн дараа өнөөдөр ийнхүү өөрөө “Улсын аварга малчин” болж байна. 

Аварга малчин С.Мөнхбат бэлчээрийн даацад анхаарч, бог малыг түлхүү өсгөж байна. Тэрээр жил бүр сүргийнхээ 20 орчим хувийг эдийн засгийн эргэлтэд оруулдаг гэнэ. 

1934 оноос эхлэн Монгол Улсын хэмжээний бүх аймаг, сумдын тэргүүний хашир туршлагатай малчдын зөвлөгөөнийг хуралдуулж, тус хурлаар “БНМАУ-ын сайн малчин” цол олгох шийдвэр гарч байжээ. Үүнээс хойш 90 жилийн хугацаанд Монголын төр жил бүрийн сар шинийн өмнө ийнхүү малчин ардынхаа хөдөлмөрийг үнэлэн шагнаж байна. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.