Ардчилсан нам сүүлийн жилүүдэд дотооддоо зөрчилдөөнтэй явж ирсэн. Үүнтэй холбоотойгоор иргэдийн зүгээс АН-ыг шүүмжлэх нь бий. Энэ асуудлаар АН-ын дарга Л.Гантөмөр дараах байр суурийг илэрхийлжээ.
АН-ын дарга Л.Гантөмөр:
-Биднийг эв нэгдэлгүй гэх нь бий. Зарим хүнд тэгж ч харагддаг байх. Тэгвэл улс төрийн намын эв нэгдэл гэж юу вэ. Үзэл бодол, үнэт зүйлээрээ нэгдэж нам бүрэлддэг. Энэ нь дээрээс бүхнийг мэддэг, шийддэг хаан ширээ биш.
Таалагдах таалагдахгүй, болох болохгүй, буруу зөвөө ярьдаг л байх хэрэгтэй. Бүр зарим нь өөрт таалагдахгүй бол огцрохыг ч шаардах эрхтэй юм. Гэхдээ энэ нь дүрэмгүй зодоон гэсэн үг биш. Бүх үйл ажиллагаа хууль, дүрмийн хүрээнд л явагдана.
Ардчилал бол олонхоороо шийдэж, цөөнхөө сонсох зарчим. Тиймээс эрүүл зөв шүүмжлэлийг сонсож, ажил хэрэг болгоод явж байгаа. Түүнээс биш эв нэгдэлтэй байна гэдэг аялдан дагалдаж, биесийнхээ алдаа дутагдалтай хүлцэж эвлэрэхийг хэлэхгүй л дээ.
Бид эвдрэлцэж, тарж бутрахдаа тулж байсан үе бий. Гэхдээ ярилцаж, хэлэлцэж, буулт хийж, ширээний ард сууснаар таагүй зүйлстээ цэг тавьж чадсан гэж боддог. Итгэлцэл, нөхөрлөл, эв нэгдлийг эвдэх амархан.
Харин эргэж нийлүүлж, эвлүүлж нэгдүүлнэ гэдэг амаргүй дээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.