Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу жил бүр нэг өвлөн уламжлагчийг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг.
2023 оны шилдэг өвлөн уламжлагчаар Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Алтанбулаг сумын харьяат иргэн “Эсгий ширмэл урлал” өвийг өвлөн уламжлагч Долгорын Цэндсүрэн шалгарсныг Соёлын сайд Ч.Номин өчигдөр батламжиллаа.
Д.Цэндсүрэн нь 1952 онд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын “Намаржаа” гэдэг газарт малчин ард Долгорын таван хүүхдийн дөрөв дэх хүүхэд болон мэндэлжээ. Нүүдэлчин монголчуудын уламжлалт гар урлалын сонгодог төлөөлөл “Эсгий ширмэл урлал” өвийг тэрээр өөрийн ээж Д.Долгороос долоодугаар ангид байхдаа сурч, язгуур хэв шинжээр нь 57 жил өвлөн уламжилж, хэрэглээний олон хэлбэр агуулгаар баяжуулан, хөгжүүлж, түгээн дэлгэрүүлж байна.
Д.Цэндсүрэн нь 1960-1978 онд Алтанбулаг сумын 8 жилийн дунд сургууль, 1970-1976 онд Төв аймгийн Хөдөө аж ахуй нэгдэлд саальчин, 1976-1985 онд Төв аймгийн Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч, 1985-1991 онд Хөдөө аж ахуйн банкинд нягтлан бодогчоор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Тэтгэвэрт гарсны дараа олон хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хамруулан 12 хүний бүрэлдэхүүнтэй “Мөнгөн саваа” ТББ-ыг байгуулж уламжлалт буюу гар аргаар эсгий хийж, ширмэл ширдэг, гэрийн туглуур, олбог, шаахай, оймс зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтээгдэхүүнээ сурталчлах үзэсгэлэн, худалдаа, уралдаанд 2006 оноос эдүгээг хүртэл идэвхтэй оролцож иржээ.
Соёлын биет бус өвийн “Уламжлалт гар урлал”-ын ай сав, түүний төрөл зүйлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр 2006-2023 онуудад 11 аймгийн 28 сумын 900 гаруй иргэнд гар аргаар эсгий хийх, ширмэл ширэх сургалтыг зохион байгуулсан. 2006 онд “Их Монгол улс байгуулагдасны 800 жилийн ой”-н арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “Монгол гэрийн өв” үзэсгэлэнд гэрийн халз, ширмэл зэрэг бүтээлээр оролцож “Тэргүүн” байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан. 2014-2019 онд БНХАУ-ын Хөх хот, Манжуур, Ордос, Эрээн хотод гар урлалын үзэсгэлэн, экспод оролцож “Брэнд бүтээгдэхүүн”, “Шилдэг бүтээл”-ийн эзэн, Төв аймгийн “Оны шилдэг өрхийн үйлдвэрлэл эрхлэгч”, “Нэг сум нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааны “Хэрэглэгчдийн баталгаат бүтээгдэхүүн” гэрчилгээ, цом, алтан медаль, шилдэг бүтээгдэхүүнээр хоёр удаа шалгарч байжээ.
2011 онд зохион байгуулагдсан “Ардын урлагийн их наадам”-д амжилттай оролцож “Батламж”, “Нүүдэлчин Монгол-2022” Соёлын биет бус өвийн их наадамд оролцож “Уламжлалт гар урлал”-ын төрлөөр 1-р байрт шалгаран “Батламж”, 1,000,000 төгрөгийн шагнал хүртсэн, 2023 онд “Эсгий туургатан-2023” анхдугаар уралдаанд амжилттай оролцож “Дэд” байрт шалгарсан. Түүний хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж 1976-1980 онд VI, 1981-1985 онд VII, 1986-1990 онд VIII таван жилийн гавшгайч, 2018 онд “Тэргүүний ардын авьяастан”, 2019 онд “Алтан гадас” одон, 2022 онд Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль, Хөдөө аж ахуй, үйлдвэр, худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.