Дархан-Уул аймгаас энэ жил улсын хошой аварга малчин нэг, улсын аварга малчин ес, улсын аварга фермер нэг, улсын аварга тариаланч хамт олон нэг, улсын аварга тариаланч хоёр тодорлоо.
УИХ-ын гишүүн Гонгорын Дамдинням Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн малчин Гүнтэвийн Тогтох, Арслангийн Батхуяг нарт Улсын сайн малчны үнэмлэх тэмдгийг нь гардуулан өглөө. Дээрх улсын аварга малчид нь малын тоо толгойг цөөлж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, үүлдэр угсааг сайжруулах чиглэлд амжилттай ажиллаж байна.
Улсын сайн малчин Г.Тогтох нь 1000 гаруй бог малтай байсан ч сүүлийн жилүүдэд тоо толгойг нь цөөлж, нэг малаас авах ашиг шимийг нь нэмэгдүүлжээ. Тэрээр мал багатай айл өрх, амьжиргааны түвшин доогуур амьдралтай таван өрхийг малжуулан ажлын байртай болоход нь анхаарчээ. Г.Тогтох 2003 оноос хойш өдийг хүртэл Дархан-Уул аймгийн Хонгор суманд 22 жил мал маллаж байна.
Улсын сайн малчин А.Батхуягийн хувьд мал аж ахуйн салбарт 29 жил мал маллаж байгаа бөгөөд сүүлийн таван жилд малаа нэг ч хорогдолгүй онд оруулжээ.
Тэрээр баяд омгийн хурган хуц бойжуулж, малын ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. А.Батхуягийнх 2018 онд “Алтан хурганы эзэн" шагналаар шагнагдаж байжээ.
Дархан-Уул аймгийн хэмжээнд өвөлжилт хүндрээгүй, аюулгүйн нөөцөд өвс, тэжээл хангалттай байгаа талаар орон нутгийн удирдлагууд онцоллоо.
Мэдээллийн дэлгэрэнгүйг үзэх:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.