Манай улс практикт анх удаа хүний сэтгэл санааны хохирол, амь насыг үнэлэх хууль эрх зүйн орчинтой болсон. Мөн Улсын дээд шүүхээс сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх жишиг загварыг батлаад байгаа.
Өнөөгийн манай улсын шүүхийн практикаар хүний амь насыг 50 сая төгрөгөөр үнэлдэг нийтлэг жишиг бий.
Тэгвэл Шүүхийн шинжилгээний хууль батлагдсанаар сэтгэцийн эрүүл мэндэд учирсан хор уршгийг тусгай загварчлалаар гаргаж, зэрэглэлийг сэтгэцийн эмч, сэтгэл зүйч нар хамтран тогтоохоор болсон.
Хүний амь насыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн буюу 82.5 сая төгрөг байхаар хуульд тусгаад байна. Энэ бол хамгийн бага жишиг загвар гэж буй.
Мөн монгол хүний дундаж наслалтаас хохирогчийн амь насыг хасаж хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээг тав дахин үржүүлэх хувилбар бас бий. Тухайлбал, хохирогч 21 настай байлаа гэхэд дундаж наслалт 71 гэж үзэхэд зөрүү 50 гарч байна. Энэ хугацаанд хөдөлмөр эрхлэх, хийж бүтээх байжээ гэж үзэхэд 137.5 сая төгрөг байх юм.
Ингэж байж эд материалаас гадна сэтгэцийн эрүүл мэндэд учирч байгаа хохирлыг үнэлнэ гэж хууль санаачлагч, шинжээчид үзэж байгаа.
Дээд шүүхээс баталсан жишгээр сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу нэгдүгээр зэрэглэл 0-3 хувь, хоёрдугаар зэрэглэл 4-8 хувь, гуравдугаар зэрэглэл 9-15 хувь, дөрөвдүгээр зэрэглэл 15-30 хувь, тавдугаар зэрэглэл 31-99 хувь гэж тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хувьчлан тооцох юм.
Өөрөөр хэлбэл, хүний сэтгэцэд хохирол учруулсан бол 2.7 сая төгрөг ба түүнээс дээш 80 хүртэлх төгрөгөөр үнэлүүлэх боломжтой болж байна.
Харин нэгдүгээр зэрэглэлээс доогуур тогтоохгүй гэсэн үг. Түүнчлэн иргэний хуульд зааснаар гэмт хэргийн улмаас бага насны хүүхэд бүтэн өнчин үлдсэн бол дээрх 100 хувийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж 160 сая төгрөгөөр тогтооно. Ингэснээр иргэн хамгийн багадаа 80 сая, хоёр бага насны бүтэн өнчин үлдсэн хүүхэд 160 хүртэлх сая төгрөгийн сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх эрх зүйн орчин үүсэж байна.
Тэгвэл шүүхээр шийдэгдсэн бодит кейсээр жишээ татаж эрх зүйн орчин бүрдэхээс өмнө болон өнөөдөр ямар байхыг харуулъя.
Иргэн Б тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа долоон настай хүүг мөргөж, амь насыг нь хохироосон. Хүүгийн ээж Т гэм буруутай этгээдээс сэтгэл санааны хохирол 3.678.800, хүүхдийг долоон нас хүртэл өсгөж хүмүүжүүлсний зардал 16.321.200 нийт 20 сая төгрөгийг нэхэмжилжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх сэтгэл санааны хохирлыг гаргуулах хуулийн зохицуулалт байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Харин улсын дээд шүүх хэргийг хянан хэлэлцээд “Иргэний хуулийн гэм хорын ерөнхий зохицуулалтад эдийн болон эдийн бус гэм хорыг арилгах агуулга, зарчим тусгагдсан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд сэтгэл санааны хохирлыг гаргуулах үндэслэлтэй” гэж дүгнэн нэхэмжлэгчээс сэтгэл санааны хохиролд шаардсан 3.678.800 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэв.
Харин хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхэд гаргасан зардал нь хариуцагчийн гэм буруутай үйлдлээс болж нэхэмжлэгчид учирсан хохирол биш, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь эцэг, эхийн хуулиар хүлээсэн үүрэг тул холбогдох шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзжээ. Хууль эрхзүйн орчин бүрдсэн өнөө цагт бол хамгийн багадаа 82.5 сая төгрөг.
Түүнчлэн дундаж наслалт 71 гэж үзэхэд долоон насыг хасаад 64. Энэ хугацаанд хөдөлмөр эрхлэх, хийж бүтээх байжээ гэж үзэж тооцох боломжтой юм.
С.УЯНГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 2. БААСАН ГАРАГ. № 23 (7267)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.