Улсын хэмжээнд үнэт металл, эрдэнийн чулуу, түүгээр хийсэн эдлэлийн худалдаа, түрээслүүлэгч, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй иргэн, хуулийн этгээдийг хяналтад хамруулж, зөрчлийг арилгуулах, зөвлөгөө өгөх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой хяналтын үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна.
Тодруулбал нийслэл, 21 аймгийн нутаг дэвсгэрт үнэт металл, эрдэнийн чулуу, түүгээр хийсэн эдлэлийн худалдаа эрхлэгч, талбай түрээслүүлэгч, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй 250 иргэн, хуулийн этгээд байдаг байна.
Бүгд уг хяналтын үйл ажиллагаанд хамрагдах ба хяналт 2024 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэх аж.
СХЗГ-ын Сорьцын хяналтын газраас “Мөнгөн завьяа” худалдааны төвд ажиллан худалдан борлуулж буй үнэт эдлэл, эрдэнийн чулуу, мөнгөн аягыг стандартын дагуу үйлдвэрлэсэн эсэх, сорьцын баталгааны тэмдэг дарагдсан эсэхийг хянаж, шаардлагатай тохиолдолд сорьцын баталгаажуулалтанд хамруулах урьдчилан сэргийлэх хяналт тавин ажиллажээ.
Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Үнэт металлын үндэсний холбоо, СХЗГ-ын Сорьцын хяналтын газар болон Хэмжил зүйн газрын Улсын ахлагч байцаагч нар ажилласан юм. Тэгвэл "Мөнгөн завьяа" худалдааны төвд үнэт эдлэл нь баталгаажуулалт хийгдээгүй жинг ашиглан худалдаалж, сорьцын тэмдэг тавигдаагүй үнэт эдлэл, мөнгөн аяга худалдан борлуулж байсан зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна.
Уг асуудлыг СХЗГ-ын холбогдох мэргэжилтнүүд зөрчил дутагдлыг арилгуулах үүднээс түрээслэгч нарыг сургалтад хамруулах, жинг нэгдсэн байдлаар баталгаажуулалтад хамруулахаар боллоо. Мөн нэг сарын хугацаатай зөрчил дутагдал арилгах албан шаардлагыг "Гүн ингүүмэл" ХХК-ны "Мөнгөн завьяа" худалдааны төвд талбай 85 түрээслэгч нарт хүргүүлэхээр болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.