Франц улсад шатахууны үнэ нэмэгдэж, иргэдийн эсэргүүцлийн жагсаал гурван долоо хоног үргэлжилсэн. Шар хантаазаар бэлгэ тэмдгээ болгосон жагсаал үр дүнгээ өгч эрх баригчид түлш шатахууны татварыг нэмэх шийдвэрийг хагас жилээр хойш тавьснаа мэдэгджээ. Тус улсын Ерөнхий сайд Эдуард Филип энэ талаар олон нийтэд мэдээлсэн байна.
Өнгөрсөн гурван долоо хоногийн турш үргэлжилсэн шар хантаазтнуудын эсэргүүцлийн жагсаал эмх замбараагүй байдлаар үргэлжилж гурван хүн амиа алдаад байгаа юм. Нийслэл Парис хотоос гадна нилээд хэдэн хотод зохион байгуулагдаж, улс орныг бүхэлд нь анхаарлын төвд аваачсан.
Жагсаал хөдлөгөөний улмаас Ерөнхийлөгч Эммануэл Макрон шуурхай хуралдаан зарлаж, хилийн чанадад хийх байсан айлчлалаа цуцалсан. Жагсаалын улмаас улсын эдийн засгийн үйл ажиллагаа удааширсан үзүүлэлттэй байна. Худалдаа наймаа эрхлэгчдийн борлуулалт 20-40 хувиар буурсан бол зоогийн газруудын орлого 20-50 хувиар багасчээ.
Франц улсад сүүлийн нэг жилийн хугацаанд шатахуун болон дизель түлшний үнэ 23 хувиар нэмэгдсэн. Тодруулбал литр шатахуун 1,51 евро болсон нь 2000 оноос хойш хамгийн өндөр үнэд хүрсэн явдал юм. Энэ нь дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэмэгдсэнтэй холбоотой ч Ерөнхийлөгч Макрон түлш шатахууны татварыг нэмэх шийдвэрийг батлуулсан. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний санд томоохон хөрөнгө оруулалт болно гэж тооцоод байсан юм.
Эх сурвалж: www.bbc.com