Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэс таван толгой” ХК-ийн иргэн бүрд эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцаанд ногдол ашиг олгохоор шийдвэрлээд байна. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК 2022,2023 онуудад нийт 4,5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан учраас иргэн бүрд нийт 361 мянган төгрөгийг хоёр хуваан олгохоор болжээ.
Компани ашигтай ажиллахын хэрээр энэ тоо нэмэгдэх боломжтой гэдгийг МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ.
Засгийн газраас Эрдэнэс Тавантолгой компанийн 1072 ширхэг хувьцааг амь оруулах талаар тогтоолын төслийг УИХ-д өргөн барьж парламентаас энэ оны 1-р сарын 17-нд уг тогтоолыг баталсан. Ингэснээр яг одоо 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа 2,5 сая иргэн дээр 2012.04.11-ний өдрөөс хойш төрсөн болон Монгол Улсын харьяанд орсон 893,432 иргэн нэмэгдэж, нийт 3,4 сая иргэн уг хувьцааны эзэмшигч болж байна.
Өөрөөр хэлбэл хувьцаагаа суутгуулаагүй, худалдан борлуулаагүй иргэдээс бусад бүх иргэн Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцаа эзэмшигч болж байна
1072 ширхэг хувьцаа эзэмшигч иргэнд 2022 оны ногдол ашиг болох 104 мянган төгрөгийг дансанд нь шилжүүлсэн бол компанийн аудитын тайлан гарсны дараа 2023 оны ногдол ашиг болох 257 мянган төгрөгийг олгож эхэлнэ.
Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч томилж, компанийн ашигт ажиллагааг нэмж, мөн авлигын эсрэг 5Ш хөтөлбөрийг хэрэгжүүлж, "Эрдэнэс Монгол" нэгдэлд бүтцийн шинэчлэлийг хийж чадсанаар иргэд байгалийн баялгаас үр өгөөж хүртэж эхэлж буй нь энэ.
Хувьцааг энгийн хувьцаанд бүртгэх эрхийг өгснөөр 13 жилийн хугацаанд эргэлтэд ороогүй, хаалттай байсан хувьцаа эргэлтэд орох боломж нээгдэж байна.
Уул уурхайн орлогоос иргэд өөрт ногдох ашгаа авч эхэлж байгаа нь компанийн үйл ажиллагаанд тавих хяналт нэмэгдэж, иргэдийн оролцоо нэмэгдэх чухал ач холбогдолтой гэж Засгийн газраас үзэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.