Намрын ээлжит чуулган завсарлаж, УИХ-ын гишүүдийн зарим нь гадаадад айлчлалтай байгаа бол орон нутгаас сонгогдсон гишүүдийн олонх нь тойрогтоо ажиллаж байна.
Тодруулбал, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатараар ахлуулсан Д.Цогтбаатар, Г.Тэмүүлэн, П.Анужин, Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, Б.Бейсен, Д.Батлут нарын гишүүд БНХАУ-д болсон Монгол Улсын Их хурал, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал хоорондын Байнгын уулзалтын механизмын тавдугаар уулзалтад оролцоод иржээ. Айлчлалаас ирсэн дариудаа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Батлут нар хөдөөг зорьсон байна.
Б.Пүрэвдорж гишүүн Завхан, Увс аймгийн зарим сумдад ажиллаж, "Мөнгөлөг шагшуурга" Хар-Ус нуурын мөсний баярт оролцож, сум тавьсан шиг явна.
Харин Д.Батлут гишүүн сонгогдсон тойрог буюу Орхон аймагтаа ажиллаж, цэцэрлэгийн нээлтэд оролцсон байна.
УИХ-ын дарга Г.Занданшадар Баянхонгор аймагтаа ажиллаж, “Монголын тэмээн соёл” зөвлөгөөнд оролцож, тэмээний уралдаан үзсэн шигээ явна. Мөн ингэний сүүний үйлдвэртэй ч танилцжээ. Спикер тэмээн соёлоороо бахархсан шигээ нутагтаа “амарч” яваа аж. Мөн Архангай аймагт өвөлжилтийн нөхцөл, байдал хүнд байгаатай холбогдуулан тус аймгийн оторын бүс нутагт өвөлжиж буй малчидтай ч УИХ-ын дарга уулзаад амжжээ. Бүсчилсэн тойргоор бол Архангай, Өвөрхангай, Баянхонгор түүний сонгуулийн тойрог.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн зарим сумдаар тойрч, иргэдтэй уулзалт зохион байгуулж байна. Увс аймгаас сонгогдсон гишүүний хувьд бусад аймгуудын иргэд сонгогчдод танигдах ажлаа хийж яваа аж. УИХ дахь МАН-ын бүлгийн даргын хувьд хөдөө орон нутагт ажиллаагүй байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Архангай аймгийнхаа сумдад ажиллаж, өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа тайлагнаж яваа аж. Мөн Архангай аймгийн 19 сумын 101 багийн засаг дарга нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулсан байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан Бүсчилсэн хөгжлийн Төвийн бүсийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон байна. Мөн Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг, Мандал сумын иргэдтэй уулзжээ. Өөрөөр хэлбэл Ц.Туваан гишүүн тойргоо “услаад” эхэлсэн гэсэн үг.
Ирэх долоо хоногт орон нутгаас сонгогдсон гишүүд нутгаасаа тодорсон улсын аварга малчин, тариаланчдад шагнал гардуулахаар нутгийн зүг хөлгийн жолоо залахаар төлөвлөж байгаа ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.