УИХ-ын гишүүн Г.Дамдинямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Намрын чуулган хаахаас өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэх асуудлыг хэлэлцэж, баталсан. Байгалийн баялагийг тэгш хүртэх боломжтой болж байгаа ч эдийн засагт хүндрэл учрах вий гэх болгоомжлол байна. Үүнийг хэрхэн харж байгаа вэ?
-Байгалийн баялгийн үр ашгийг иргэн бүрт тэгш хүртээх боломжыг бий болгоно гэж олон жил ярьсан, манай нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ч тусгасан. Төрийн өмчит хувьцаат компаниудыг төр эзэмшдэг байж болно. Гол нь нээлттэй хувьцаат компани болгомоор байна. Тухайлбал, ард түмэнд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааг бүх Монгол хүнд эзэмшүүлэх нь зүйтэй. Үүний дараа хувьцааг жинхэнэ амьтай болгож, зарах, өвлүүлэх нэмж авах зэргээр амь оруулаад хувьцаа эзэмшигч иргэд өөрсдөө хэрхэхээ шийддэг болгох ёстой юм. Хэрэв зээ Эрдэнэс тавантолгойн хувьцааг амь оруулчихвал компанийн үйл ажиллагаанд иргэд хуулийн дагуу нээлттэй оролцож, хяналт тавьдаг болно. Тэгж байж жинхэнэ хувьцаат компанийн дүр төрхөө олно. Үйл ажиллагаа нь ч нээлттэй болж хулгай арилна. Хяналттай болно.
-Сар шинийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг тараана гэж албаныхан мэдэгдээд байгаа. Ногдол ашиг тараахаас илүү эдийн засагт үр өгөөжтэй төсөл хөтөлбөр санхүүжүүлэх нь зүйтэй гэх санал олны дунд бий. Аль үр өгөөжтэй вэ гэдэг дээр та байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Энэ удаад ногдол ашиг олгох нь зөв. Энэ хувьцаа бодьтой мөнгө өгдөг юм гэдгийг ард түмэнд мэдрүүлэх үр дүнтэй. Ингэж байж иргэд цаашид энэ компаны үйл ажиллагааг хаашаа явуулах, хэрхэн ашиг орлогыг нь өсгөх талаар илүү нухацтай анхаарал хандуулж эхлэх байх. Ингэж хяналт тавьдаг тогтолцоо бий болгохгүй бол сөрөг үр дагавар гардаг юм байна гэдгийг бид харлаа. “Эрдэнэс Тавантолгойн” ногдол ашгийг бүтээн байгуулалтад зарцуулна гэж ПР-даад ойрын ирээдүйд ашиглах боломжгүй маш үнэтэй төмөр замын төсөлүүдэд зарцуулчихсан. Мөнөөх төсөл нь ойрын хугацаанд ашгаа өгөхгүй гэж Үндэсний аудитийн газар тогтоосон байна. Нүүрсний хулгайн хамгийн том хэсэг энэ асар үнэтэй Төмөр замуудад яваа шүү. Тэгэхлээр бид ЭТТ-г нээлттэй хувьцаат компани болгож, ногдол ашиг олгодог болгож, иргэдийн хяналтад оруулж байж зөв замдаа орно.
-1072 хувьцааг сонгуулийн өмнө мөнгө тараах хэрэгсэл болчихлоо гэж олон нийт харддаг. Уг нь бол тогтмол ашгаа өгч байх ёстой гэсэн санааг та хэлэх гээд байна уу?
-Сонгууль гэхээс илүүтэй өнгөрсөн хоёр жил бид цар тахлын хүнд цаг үеийг даван туулсан. Үүний дараа хойд хөршид геополиткийн амаргүй нөхцөл байдал үүссэн. Хятад Улс хөл хорионы дэглэмтэй байсан гэх зэргээр манай экспорт гацаж эдийн засаг хүнд цаг үеийг туулсан. Үүнтэй холбоотой “Эрдэнэс Тавантолгой” компани хоёр жил хангалттай ашигтай ажиллаагүй. Тэр үед ногдол ашиг тараах эх үүсвэр бүрдээгүй гэж үзсэн байна. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд сайн ажиллаж ашиг олсон байна. Тиймээс ашиг орлого олсон цаг хугацаандаа ногдол ашиг тараах болчихоод байна. Хувьцаат компани ашигтай ажилласан үедээ ногдол ашиг хувиарлаж ашиггүй үедээ харанга оруулалт татдаг шүү дээ. Тэр л зарчим ажиллаж байна.
-УИХ-ын намрын отгон чуулган хаахаас хэлэлцэж амжаагүй хэд хэдэн чухал хуулийн төслүүд үлдэх шиг боллоо. Түүнээс хөрөнгө оруулалтын хууль хэл ам дагуулсаар хэлэлцүүлж амжилгүй үлдээчихлээ. Хуулийн төсөлтэй та ер нь танилцаж амжсан уу?
-Бид хөрөнгө оруулалтын хуулийг уг нь хэлэлцэх эсхийг нь эхлээд шийдчих ёстой. Үүний дараа тэр буруу зөрүү ойлгуулж шүүмж дагуулаад байгаа заалтуудыг шаардлагатай бол ажлын хэсэг дээрээ өргөн дэлгэр хэлэлцүүлэг хийгээд засаад явж болно. Улсын эдийн засгагт мөнгө орж ирдэг гурван зерөнхий суваг байдаг. Нэгдүгээрт, татварын орлого, хоёрдугаарт, зээл тусламж, гуравдугаарт, хөрөнгө оруулалт. Бид хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчинг сайжруулж, нээлттэй болгож байж эдийн засгаа илүү тэлэх юм. Татвар нэмж төсвийн орлого нэмэгдүүлэх зам бол хэн бүхний хүсээд байх зам биш. Гаднаас өр зээл нэмэгдэж байна гэх шүүмж байгаа. Санал нэг байдаг. Сайн төсөл хөтөлбөргүй байж өр тавьж мөнгө оруулж ирэх сайн зүйл биш гэдгийг олон бондын түүхээс харцгаасан байх. Тэгэхээр ганц үлдсэн суваг нь хөрөнгө оруулалт. Ийм л гарц байна. Хөрөнгө оруулалт өр болж үлддэггүй, харин хөрөнгө оруулагч эрсдлээ үүрээд үлддэг сайн талтай. Шинэ санхүүгийн эх үүсвэр, шинэ ажлын байр, шинэ технологи гнээд олон юм хөрөнгө оруулалтаар дамжиж ирдэг. Татвар нэмүүлэхгүй, Өр тавиулахгүй, Амьдралаа сайжруулж ажлийн байраа нэмэгдүүлье, эдийн засгаа томруулий л гэвэл хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах ёстой. Өөр гарцгүй.
-Бүртгэлийн болон газар эзэмшүүлэх асуудалтай холбоотой маргаанаас болж хуулийн төсөл хойшлоод байгаа. Энэ тухайд ямар байр суурьтай байгаа вэ?
-100 мянган долларын босгыг авлаа гэдэг асуудлыг ойлгож байгаа. Одоо байгаа хуулинд энэ бол гаднаас орж ирсэн айл компаниа бүртгүүлэхдээ үзүүлээд л болдог бүртгэлийн шалгуур байсан шүү дээ. Энэ мөнгөө түр дансанд хийгээд бүртгэлийн байгууллагад бүртгүүлээд компаны гэрчилгээгээ аваад л энэ мөнгөө тухайн компани хэрэглээд явдаг. Монгол Улсад төлж байгаа татвар, хураамж ч биш шүү дээ. Энэ хуулийг УИХ хэлэлцэх эсэхээ эхлээд шийдэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалтай байна. Ингээд удвал хөрөнгө оруулагчид биднээс дайжиж алга болно. Ямар ганц монгол улс хөрөнгө оруулах газар биш дээ. Бусад орнууд бүгд өрсөлдөж байна. Мөнгө орж ирж эдийн засаг тэлэхгүй бол ажлын байр нэмэгдэхгүй, орлого байхгүй, ядуурлаа, хотын утаа, түгжрэлээ дийлэхгүй их л удна даа. Хэрвээ хөрөнгө оруулалтын хуулийг УИХ хэлэлцэх эсхийг нь дэмжээд оруулаад ирвэл ажлын хэсэг дээр тэр 100 мянган доллар нь хэвээрээ байх юмуу? Нэмэх юмуу? Эсвэл тэр зарим хүмүүсийн зориул худал мушгиж маргаан болгоод байгаа 1993 оны хөрөнгө оруулалтын хуулиас эхлээд байсан газартай холбоотой заалтуудыг ярилцаад ажлын хэсэг, 1,2,3-р хэлэлцүүлгүүдийн нийтийн томоохон хэлэлцүүлгүүд хийгээд зөв ойлгуулаад явж болно шүү дээ. Хууль шууд батлагдчихдаггүй. Олон шат дамждаг. Монгол Улсын газрынг гадныханд өгөх гэлээ гэсэн тухайд хуульд газрыг “ашиглах”, “эзэмших”, “өмчлөх” гэсэн гурван ойлголт байдаг юм. Гадны иргэн аж ахуйн нэгж 60+40 жил “ашиглах”, “эзэмших” өөрчлөлт хуулдь нь 2013 онд орсон байдаг юм. Одоо Засгийн газраас өргөн барьсан төсөлд “ашиглах” гэдэг нь Үндсэн хуулийн 6.2-тай зөрчилдөөд байна. Тиймээс гадаад улсын иргэн, аж ахуйн нэгж “эзэмших”, “ашиглах” эрхтэй байсныг “эзэмших” эрхийг болиулж зөвхөн “ашиглах” эрхтэй болгон сайжруулсан байдлаар орж ирсэн байгаа л даа. Харин тэр 60+40 гэсэн заалт хуучин хуулинд одоо ч байгаа. Зарим гадны иргэдтэй нийлж маш их хэмжээний газрууд “эзэмших” эрхтэйгээр аваад дарчихсан “Эх оронч” дүртэй хулгайч хүмүүс тус хуулийн төслийн зарим заалтуудыг зориуд гуйвуулж, улстөржүүлж дарчихсан газраа авч үлдэх арга хайж байна гэж харж байгаа. Үүнийгээ нуухын тулд ард түмнийг худал мэдээллээр хуурч байна.
-Гол нь хөрөнгө оруулагч нар манай хууль эрх зүйн орчинг хэр тогтвортой вэ. Үнэхээр бидний эрхийг хамгаалж чадаж байна уу гэдэг дээр анхаарал хандуулж байх шиг байна?
-Тийм. Хөрөнгө оруулагчид нэгдүгээрт, хууль эрх зүйн орчин нь хэр тогтвортой вэ?, хоёрдугаарт, бидний оруулсан хөрөнгийг хамгаалах уу? гэдэг дээр л анхаарал хандуулдаг. Хөрөнгө оруулагчдад шаардлагатай өөрчлөлтүүдийг энэ удаагийн өөрчлөлтөөр хийх гээд байгаа юм. Монголын эдийн засаг тэлж илүү болмож бий болох хөрөнгө оруулалтыг хэн эсэргүүцэж байгаа вэ гэж харвал бүгдийг мунхруулж улам ихээр хулгай, луйвар хийх хүсэлтэй хэсэг бүлэг хүн л худал мэдээлэл тараах замаар өөрсдийн эрх ашгаа хамгаалж байна гээд ойлгочиход буруудахгүй байх. Энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэхээ УИХ шуурхай шийдэхгүй бол хөрөнгө оруулалтийг үргээсэн энэ утгагүй улс төр өрнөсөөр л байна байх даа.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.