Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржтой ярилцлаа.
-Сэлэнгэ аймаг удирдах ажилтны зөвлөгөөнөө хийж, ирэх онд хийж хэрэгжүүлэх ажил, зорилт, зорилгоо тодорхойллоо. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Бид энэ удаагийн Удирдах ажилтны зөвлөгөөнд бүх удирдлагын багийн хүмүүс тухайлбал бүх сумын ИТХ-ын дарга, сумдын ЗДТГ-ын дарга нарыг оролцуулсан. Бид энэ сарын 29-нд аймгийнхаа 2023 оны ургацын баяраа хийлээ. Манай аймгаас ХАА, газар тариалангийн салбараас гавьяат ажилтан хоёр төрсөнд бахархалтай байна.
Сэлэнгэ аймаг Монгол Улсынхаа хүнсийг хангадаг аймгуудын нэг учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал", Монгол Улсын Засгийн газраас барьж байгаа бодлого шийдвэрийн хүрээнд Сэлэнгэ аймаг түүчээлж, 64 жилийн түүхэнд 4 удаа хамгийн их ургацыг хурааж авлаа. Манай газар тариалангийн салбарынхан арвин ургац хураан авахаар зорьсон зорилгодоо ч хүрсэн.
Бид зөвлөгөөний хүрээнд удирдах ажилтнуудадаа хууль эрх зүйн зөвлөмж, зөвлөгөө өгч, сургалт хийлээ. Мөн шилдэг сум, тосгон, хэлтэс албадаа шалгарууллаа. Мөн амжилт гаргасан шилдэг хүүхдүүдээ ч урамшууллаа.
Мөн удирдах ажилтны зөвлөгөөн дээр бүх сумынхаа удирдлагуудад энэ жил баримталж ажиллах бодлого, чиглэлийн талаар үүрэг чиглэл өгсөн.
-Сэлэнгэ аймаг 2024 оныг “Аялал жуулчлал, ногоон хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа. Энэ зарласан жилийн онцлогоо тодруулбал?
-Манай аймаг энэ жил “Аялал жуулчлал, ногоон хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж байна. "Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд урд нь тарьдаг байсан модны хэмжээгээ хэд дахин өсгөөд тариалж эхэлсэн.
Харин одоо борлуулалтдаа анхаарах ёстой. 2022 онд бид энэ асуудал дээр анхаарч, мод үржүүлгийн компани 60 гаруйгаар нэмэгдсэн. Дээр нь 2022 онд тарьсан тарьц суулгацууд 2023 оны намраас эхлэн 2 настай болж байна. Иймээс борлуулалтын асуудал нэн тулгамдсан асуудал болж байгаа юм.
Ногоон хөгжлийг дэмжих жил болгон зарласантай уялдуулан БОАЖЯ, Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд аж ахуйн нэгж байгууллагатайгаа хамтраад ногоон байгууламжаа тэлэх, ногоон байгууламжийнхаа асуудлыг шийдэх боломж манай аймагт бүрдээд эхэлж байгаа юм.
Цаашдаа бид 1000 орчим га талбайд жимсний модны нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна.
-Сэлэнгэ аймагт аялал жуулчлалыг татах чиглэлээр ямар ажил зохион байгуулах вэ?
-Сэлэнгэ аймгийн хувьд аялал жуулчлалын чиглэлд хамгийн их хөгжих боломжтой аймаг болоод байна. Өнгөрсөн жил гэхэд л зөвхөн “Сайханы хөтөл” дээр орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын хамт олон агаарын тороосон дүүжин гүүр тавиад ажиллуулахад л 150 мянга орчим иргэн зөвхөн тэр гүүрийг зорьж ирсэн байсан.
Иргэдийг зориод ирэхэд нэг том дутагдал байгаа нь боловсон бие засах газрын асуудал. Мөн иргэдийг ирэхэд хүлээгээд авдаг аялал жуулчлалын кемпүүд, зочид буудлын асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай болж байгаа.
Үүнийг шийдвэрлэх зорилгоор БНСУ-ын хөрөнгө оруулагчид ирж бидэнтэй хамтран ажиллах гэж байна. Энэ хамтын ажлын хүрээнд бид маш том сувиллын газар, зочид буудал барихаар болсон.
-Аялал жуулчлалыг хөгжүүлэхээр төлөвлөсөн ажил юу байна?
-Бид аялал жуулчлалынхаа менежмент төлөвлөгөөг хийгээд эхэлсэн. Үүнийхээ дагуу ажлаа төлөвлөөд хөгжүүлээд явна. Мөн үүний дагуу үзэх маршрут, бүх чиглэлээ аймгийнхаа төвд гаргана.
Ерөнхийдөө 17 суманд ерөнхий төлөвлөгөөний асуудал яригдаж байгаа. Иймээс 17 сумын онцлогт тохирсон аялал жуулчлалын менежмент төлөвлөгөө хийхээр ажиллаж байна.
-Манай аймгийн бас нэг онцлог бол улсад татвар төвлөрүүлдэг. Өнгөрсөн жилийн тухайд хэчнээн төгрөг төвлөрүүлэв. Та Сэлэнгийн цаашдын ирээдүй гэрэлтэй, өөдрөг байгааг тодотгосон. Энэ талаараа?
-Сэлэнгэ аймаг энэ жил улсад харьцангуй бага 1.5 орчим тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Гэхдээ харьцангуй манай аймгийн хувьд олон жил гацаж байсан томоохон нүүрсний уурхай хөдөлж эхэллээ.
Цаашдаа ойрын хугацаанд Сэлэнгэ аймаг өөрийнхөө улсад төвлөрүүлдэг төсвөө нэмэх боломж бүрдэж байна. 50 мВт цахилгаан станцын ажил эхэлнэ. Аймгийн хөгжлийн томоохон төслүүд бүгд хөдөлсөн гэж ойлгож болно.
-2024 онд хийх томоохон бүтээн байгуулалт юу байна?
-Аймгийн хэмжээнд Сүхбаатар сум дотор, мөн Мандал сумын замын бүтээн байгуулалт явж байна. Сүхбаатар хот дотор 400 орчим тэрбум төгрөгийн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 50мВт цахилгаан станц барина, шаваа тавьсан. Мөн хувийн хэвшлийн нүүрсний уурхай хөдөлж эхэлж байгаатай холбоотой Цагааннуур сумын чиглэлд төмөр замын асуудал яригдаж байгаа.
-Сүхбаатар суманд жишиг хороолол барих ажил хэр урагштай явж байна. Энэ бас нэг томоохон бүтээн байгуулалтын нэг болов уу?
-Жишиг хорооллын шаваа тавиад эхэлсэн. Эхний суурь ажлыг хийсэн “Сэлэнгэ мөрөн” хотхоны ажлыг одоо 4 дүгээр сард эхлүүлнэ. Дараагийн том бүтээн байгуулалтыг 5 дугаар сарын 1 гэхэд эхлүүлнэ.
-Сэлэнгэд шилжин ирэгсдийн тоо нэмэгдэж байгаа гэж сонссон. Энэ тоог цаашид нэмэгдүүлэх чиглэлд ямар ажил хийж байна?
-Энэ асуудал дээр бид бодлого барьж байгаа. Сэлэнгэ аймгийн төв дотроо 1000 орчим айлын орон сууцны барилгын ажил эхэлсэн явж байна.
Томоохон голуудаа түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх тал дээр хүмүүс их санал тавьж байгаа.
Энэ ажлыг хийхийн тулд бид аюулгүй байдлаа хангах үүднээс аймгийн ОБГ-т 2 том завины асуудлыг шийдвэрлэсэн.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Montsame.mn
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.