Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймэртэй холбоотойгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ОБЕГ, ЦЕГ-ын удирдлагууд мэдээлэл хийлээ.
Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
-Цагдаа, онцгой байдлын байгууллага үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хуралдаж, шийдвэрүүдийг гаргаж ажиллаж байна. Орон байр нь галд өртсөн иргэдэд орон сууцаар хангах, цаашид хяналт шалгалт явуулах чиглэлээр холбогдох шийдвэрүүдийг гаргасан.
Хууль хяналтын байгууллага хэргийн газар дээр үзлэг шалгалт хийж, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Шинжээч нар томилогдсон. Осол, түүнээс үүдсэн шалтгаан нөхцөл, нийт хохирлын хэмжээг тогтоох ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хяналт явуулж, эцэслэн шийдэгдэнэ. Тиймээс иргэд, олон нийтэд хандаж хэлэхэд, албаны эх сурвалжийн мэдээллийг хараарай. Олон нийтийн сүлжээнд таамаг мэдээллүүд их явж байгаа учир албаны мэдээллийг авч байгаарай.
Галын улмаас 27 хүн эмнэлэгт хүргэгдэж, 13 хүн зөвлөгөө, эмнэлгийн үйлчилгээ аваад гэртээ харьсан. Түлэгдэж бэртсэн 19 - 69 насны 14 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байснаас өнгөрсөн шөнө 19 настай иргэн харамсалтайгаар нас барлаа. Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж буй иргэд нь 90 -99 хувийн түлэгдэлтэй байна.
Мөн нэг иргэний биеийн байдал туйлын хүнд байна. Дөрвөн иргэний биеийн байдал маш хүнд. Найман иргэний биеийн байдал хүндэвтэр байна.
Засгийн газар, Улсын онцгой комиссын даалгавраас Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Эрүүл мэндийн байгууллага холбогдох арга хэмжээг цаг алдалгүй шуурхай үзүүлж ажиллаж байна.
Аливаа гамшиг ослын үед орон байраа алдсан иргэдийг орон байраар хангах нь Засгийн газар, тухайн орон нутгийн захиргааны нэгдүгээр үүрэг учраас Засгийн газар болон НЗДТГ-аас засвар, түрээсийн зардлыг шийдвэрлэж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, буруутай этгээд тогтоогдсоны дараа зардлыг нэхэмжлэх, түүнийг буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй.
УОК-ын даргын тушаалаар шатахуун, хий, тэсэрч дэлбэрэх бодисын хадгалалт, тээвэрлэлт, түгээлтийн үйл ажиллагааг явуулах хууль эрх зүйн акт, стандарт, дүрэмд дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулагдан, ажиллаж эхэлсэн. НОК-оос шатахуун болон хий түгээх станцууд, тэсэрч дэлбэрэх аюултай бодисын чиглэлээр, холбогдох яамдаас хөдөлмөрийн аюулгүй байдлын байцаагч нар “Дашваанжил” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал хангасан эсэхэд шалгалт хийж байгаа. Цэвэр усны шугамд дэлбэрэлтийн улмаас үүссэн гэмтлийг Ус сувгийн удирдах газраас засварлаж дууссан.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.