Ардчилсан намын гишүүн Ц.Баатархүү, О.Чулуунбилэг, Н.Одонгуа нар цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийнэ.
АН-ын гишүүн Ц.Баатархүү:
-Өчигдөр маш харамсалтай үйл явдал боллоо. Цаашид галын аюулгүй байдалд онцгой анхаарах цаг болжээ. Улаанбаатар хотын дундуур төмөр зам явдаг. Төмөр замаар шатахуун тээвэрлэдэг. Маш аюултай ачаа тээвэрлэгдэж байна. Хүн ам төвлөрсөн хотын дундуур аюултай ачаа явуулахгүй байх шийдвэрийг АН нийслэлийг удирдаж байхдаа гаргаж байсан. Харамсалтай нь 2016 оноос Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрс өөрчлөгдсөн. Улаанбаатар хот, бүх салбарт эрсдэл бий болчихлоо. Иймд монголын төр ажил хэрэгчээр бүх шатандаа хуралдаж, гамшгаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө оновчтой эсэхийг эргэж харж, иргэд гамшгийн үед хэр бэлэн байгаа эсэх дээр онцгой анхаарах цаг болжээ. Нээлттэй ярилцах цаг болжээ.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг байгууллага Нийслэлийн Засаг даргад хяналт тавьж, чиглэл өгч ажиллах ёстой. Гэтэл НИТХ хуралдахгүй хурлаа хойшлуулж байна. НИТХ-ын төлөөлөгч нь Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн онцгой байдлын байгууллагад хяналт тавьж ажиллах ёстой. Гэтэл НИТХ-ын төлөөлөгчид нь Нийслэлийн Засаг даргынхаа “туслах” болсон байна. Хяналт тавьж чадахаа больсон байна. Нийслэлд засаглалын хямрал бий болсон.
АН-ын гишүүн Н.Одонгуа:
-Дэлхий дээр байгаа 400 гаруй хот нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 30 гаруй жилийн өмнө гаргаж, дэлхийн нийтэд түгээсэн концепцийн дагуу хөгжиж ирсэн. Нийт 12 түлхүүр үзүүлэлтийн нэг нь иргэдийн аюулгүй байдлыг хангасан орчныг цогцлоон бүрдүүлэх явдал юм. Хотын стандартад барилга байгууламж, ногоон байгууламжийг бий болгох, зам тээврийн тооцоо судалгааг хийх, агаарын бохирдол гээд хүний гараар бүтэх бүх зүйлийг тусгасан байдаг. Энэ ч үүднээсээ АН хотыг удирдаж байх жилүүдэд тодорхой хугацаанд стандартыг мөрдөж ажиллаж ирсэн.
Гэтэл сүүлийн жилүүдэд хотын стандарт алдагдсан. Хамгийн тод жишээ нь, хэрэглээний газийн дэлбэрэлтийн үед шуурхай бэлэн байдал алдагдаж, тухайн тэсрэлт болсон газрын агаарыг шинжлэх, газ цацагдаж үлдсэн эсэхэд яаралтай шинжилгээ хийж, иргэдийн эрүүл аюулгүй орчныг хангаж, хэвийн ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлэх ёстой байлаа. Түүнчлэн "Дүнжингарав" худалдааны төв гэдэг ч юм уу тэр хавийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, иргэдэд зөвлөмж өгч ажиллах ёстой. Гэтэл эрүүл аюулгүй хотын стандартын дагуу төлөвлөж, удирдаж ажиллаж чадахгүй байгааг бид харж байна.
Осол болсон газар агаарын чанарын хэмжилт хийдэг багаж байхгүй байгаа. Гэхдээ онолын хувьд авч үзвэл, шатамхай бодисын шаталтын дараа органик нэгдлүүд үүснэ. Хэмжээнээсээ хамаарч 24-48 цагийн дараа ууршиж алга болох, газарт тунадас болж үлдэх процесс явагддаг. Энэ хугацаанд иргэд эрүүл мэндээ хамгаалах, амны хаалт зүүх, хордлогын шинж илэрсэн нөхцөлд хордлогыг биеэс зайлуулахын тулд навчит ногоо хэрэглэх, шингэн уух, эмнэлэгт хандах зэрэг зөвлөмжийг мөрдөж ажиллах шаардлагатай байдаг.
Агаарын чанарын техникийн ерөнхий шаардлага MNS стандартыг 2016 онд шинэчлэн баталсан. Энэ стандартыг цаашид шинэчлэхгүй бол болохгүй нь. Стандартыг шинэчлэхгүй бол хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл бүрдсэн байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.