Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан ноцтой ослын улмаас амиа алдсан онцгой байдлын алба хаагч нарт Монгол Улсын их хурлаас эмгэнэл илэрхийллээ.
ЭМГЭНЭЛ
2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт зам тээврийн ослоор шатамхай бодис болох шингэрүүлсэн хий алдагдан, дараалсан хүчтэй дэлбэрэлтүүд болсны уршгаар иргэд, аврагчид амь насаа алдаж, бэртэж гэмтэн нөхөж баршгүй хохирол учраад байна. Мөн иргэд, аж ахуй нэгжүүд эд хөрөнгөөрөө их хэмжээний хохирол амслаа. Үүссэн нөхцөл байдлыг дүгнэж, шаардлагатай арга хэмжээ авч, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах бүхий л тусламж үйлчилгээг холбогдох албаныхан цаг алдалгүй хүргэж, шуурхай ажилласаар байна.
Урьдчилан тааварлашгүй гэнэтийн гамшигт өртөж, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажил үүргээ гуйцэтгэж яваад алтан амиа алдсан Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, аврагч ахлах ахлагч Ширнэнгийн Амгаланбаяр, ахлагч Даваажавын Барсүрэн, ахлагч Эрдэндаваагийн Түвшинтөр нарын хань гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олон, аврах, гал унтраах албаны нийт бие бүрэлдэхүүнд гүн эмгэнэл илэрхийлье.
Монгол Улсын Их Хурал
2024.01.24
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.