СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Мөнхбат эмчид оноосон гурван жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 сарын өмнө

“Эм Би Эс мед” ХХК буюу “Монгол Хьюндай” эмнэлгийн гүйцэтгэх захирал асан, өмнө нь ГССҮТ-ийн дэд захирал хүртэлх албан тушаал хашиж байсан Д.Мөнхбат болон дээрх хоёр эмнэлэгт эрх бүхий албанд ажиллаж байсан эмч Д.Баасанжав нарт холбогдох мөнгө угаасан, бусдын хөрөнгийг завшсан гэх хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ.

Эмч Д.Мөнхбат “Эм Би Эс мед” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад БНСУ-ын хөрөнгө оруулагч “Ириүм” компанийн захирал Ким Бү Собын тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Ийнхүү чөлөөлөгдсөн атлаа компанийнхаа дансанд бүртгэлтэй 150 гаруй нэр, төрлийн 399 ширхэг, гурван тэрбум гаруй төгрөгийн үнэтэй MRI, компьютерт томограф зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшсан хэрэгт холбогдсон. Улмаар ГССҮТ-д хамт ажиллаж байсан эмч Д.Баасанжавтай нийлж уг завшсан тоног төхөөрөмжийг өөрсдийн байгуулсан “Эм Би Жи мед” компанийн хөрөнгө мэтээр бүртгэж, гэмт хэргийн замаар олсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдалсан үндэслэлээр шүүгдэгчийн ширээнд суусан билээ. НПГ-аас дээрх хоёр эмчид Эрүүгийн хуулийн 17.4-2.2-т заасан “их хэмжээний хохирол учруулж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан”, 18.6-2.2 дахь хэсгийн “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хоёр хүн БНСУ-ын хөрөнгө оруулагчаасаа завшсан тоног төхөөрөмжүүдээ Худалдаа хөгжлийн банканд барьцаанд тавьж 4.9 тэрбум төгрөг зээлж, мөнгө угаасныг мөрдөгчид тогтоосон билээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны аравдугаар сард Д.Мөнхбат, Д.Баасанжав нарт холбогдох хэргийг хэлэлцээд тэдний мөнгө угаасан үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон юм. Ингэснээр Д.Баасанжавыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Харин Д.Мөнхбат эмчид эд хөрөнгө завшсан хэрэгт нь гурван жил хорих ял оноосон юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээж, тэдний байгуулсан “Эм Би Жи мед” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц БНСУ-ын иргэнд учирсан хохирлыг төлүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх өөрчлөлт оруулсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.