Сонгуулийн ерөнхий хорооноос зарим асуудлаар мэдээлэл өгөв.
СЕХ-ны Хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ:
-Энэ удаагийн сонгууль өмнөх сонгуулиудаас онцлогтой болно. Бүсчилсэн байдлаар явагдана. Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн ирц, оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Сонгогчид шинэ тогтолцоотой холбоотойгоор саналын хуудсанд санаа яаж тэмдэглэх, санал авах үйл ажиллагааны зохион байгуулалт ямар байх талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллаж, хэрэгжүүлэх үндсэн төлөвлөгөө гарсан.
Сонгууль товлон зарласан хугацаа бол энэ сарын 31-ний өдөр. Энэ өдрөөс хойш хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцах ажил идэвхижээд явна гэж ойлгож болно.
УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн онцлог нь ээлжит сонгууль эхэлснээс хойш сонгогчдын саналыг татаа зорилготойгоор тодорхой үйл ажиллагаануудыг шууд хориглодог. Энэ зохицуулалтын гол зорилго нь сонгуульд оролцож байгаа хүмүүсийг тэгш өрсөлдөх боломжийг хангахад оршино. Нэгдүгээр сарын 1-ээс хойш санал хурааж дуустал сонгогчдын саналыг татах зорилгоор аливаа этгээд мөнгө төгрөг, эд зүйл тараах, баяр наадам, урлагийн тэмцээн зохион байгуулах, хишиг, хувь, хувьцаа өгөх, аливаа хэлбэрийн амлалт өгөх гэх зэргийг хориглодог.
Мөн нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд улс төрийн чансаа тогтоох зорилготой зохион байгуулалтай үйл ажиллагааг хийхийг хориглох, нийтлэл нийтэлдэг байсныг хориглосон. Энэ нь сонгогчийн сонголтод нь хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх боломжийг хангах ач холбогдолтой.
Харин сонгуулийн жил эхэлсэн ч гэсэн УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй учраас сонгогчдодоо хийсэн ажлаа тайлагнах үүрэгтэй. Тиймээс хийсэн ажлын тайлан гэдэг хэвлэх материал тарааж, түүнийгээ танилцуулах уулзалт хийх боломжтой. Мөн улс төрийн нам бол сонгуульд оролцохын тулд бэлтгэл ажлаа хангах ёстой. Энэ зорилгоор зөвхөн гишүүдийнхээ хүрээнд хийж байгаа уулзалт хориглосон зүйлд хамаарахгүй. Хамаарахгүй гурван зүйл зохицуулалтыг хийж өгсөн.
УИХ-д нэр дэвшигчийн мандатын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор саналын хуудас дээр нэр дэвшигчдийн нэр маш олон бичигдэнэ. Нэг нэр дэвшигчээс саналаа тэмдэглэхэд, саналын хуудсаа уншуулахад, зарцуулдаг хугацаа нэмэгдэнэ. Иймээс сум, дүүргийн хуралд аль болох ачаалал үүсгэхгүй, хуульд заасан дээд хэмжээнд тулгахгүйгээр хэсгүүдийг байгуулаарай гэсэн чиглэл өгч байна. 2087 хэсэг өмнөх сонгуулиар байгуулагдаж байсан. Гуравдугаар сарын нэгнээс өмнө тодорхой болно.
Сонгогч тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү байхаар нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугуйг будах ёстой. Мандатын тооноос дутуу эсвэл илүү байвал санал тоолох төхөөрөмж уншихгүй. Дахин нэг удаа хуудас бөглөх боломжтой. Мөн сонгогчийн байнга оршин суугаа хаана байна түүнд харьяалах хэсэгт очиж саналаа өгнө.
Сонгуулийн зардал бууруулах, цэгцтэй мэдээллийг сонгогчдод өгөх зорилгоор нэг л плакат байрлуулна. Жагсаалтаар нэр дэвшигч 3 хэвлэлийн хуудас хүртэлх хэвлэмэл материалыг намын сонгууль эрхэлсэн байгууллага нь жагсаалтаар нэр дэвшсэн 48 хүнээ нийлүүлээд гаргаж болно. Тойрогт нэр дэвшигч нь 2 хэвлэлийн хуудас сэтгүүл болон сонинг тус, тусдаа гаргах боломжтой.
Түүнчлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг ирэх дөрөвдүгээр сарын 29-нөөс зогсооно. Түүнээс өмнө шилжилт хөдөлгөөнөө зохицуулах шаардлагатай. Улс төрийн намууд сонгуульд орох тухай байр сууриа дөрөвдүгээр сарын 26-28-ний хооронд албан ёсоор илэрхийлэх ёстой. Нэр дэвших асуудлыг тавдугаар сарын 14-20-ны дотор дуусгах ёстой.
Зургаадугаар сарын 10-н гэхэд УИХ-ын сонгуульд нэр дэвших нам, эвсэл бие даагчид шийдэгдээд үнэмлэхийг нь гардуулна. Ингэснээр сурталчилгаа албан ёсоор эхлэх хуваарийг Сонгуулийн ерөнхий хорооноос гарсан гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.