УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд УИХ-ын намрын чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг өнөөдөр танилцуулав.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо нь 15 удаа хуралдаж, 23 хуулийн төсөл, 22 УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэн, УИХ-ын чуулганаар батлуулжээ. Нэр дэвшигчийн талаарх гурван удаагийн сонсгол зохион байгуулсан байна.
УИХ-аар батлуулсан томоохон хуулийн төслүүдээс нэрлэвэл, Нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулж, батлуулжээ.
Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлуулсны зэрэгцээ Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг шинэ хуулиудад нийцүүлж батлуулсан.
УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, ээлжит сонгуулийн тов зарлах, сонгууль зохион байгуулахтай холбоотой зардал, техник хэрэгслийг нь шинэчлэх зэрэг асуудлыг улс төрийн намууд болон Сонгуулийн ерөнхий хороотой зөвшилцөн, шийдвэрлүүлжээ.
2024 оны УИХ-ын хаврын чуулганаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл, Төрийн ордны тухай хуулийн төсөл, Нийслэлийг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тухай баримт бичгүүдийг хэлэлцэхээр жагсаалтад оруулсан. Иймээс дээрх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүргийг Төрийн байгуулалтын байнгын хороо хангах юм байна.
Мөн Төрийн албаны тухай хуульд зарим өөрчлөлт орсон, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах асуудал хүлээгдэж байгаа аж.
Энэхүү бодлогын баримт бичгийг тус байнгын хороо хэлэлцүүлэгт бэлтгэх бол Хүний эрхийг хангах багц хуулийн төслүүдийг мөн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг хүлээжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.