Хууль хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хахууль өгсөн байж болзошгүй үндэслэлээр гурван хүнийг цагдан хорьж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна.
Тэднийг өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулахын тулд их хэмжээний мөнгө өгсөн байх магадлалтай хэмээн буруутгаж буй гэнэ. Эх сурвалжуудын мэдээлснээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ (УБЦТС) ХК-ийн Ашиглалт, засварын баруун төвийн инженер Ш.Батхолбоо, “Чингис бульдинг” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Б.Мандахбаяр, “Мандах наран” ХХК-ийн жолооч Б.Батсүх нарыг өнгөрсөн сарын сүүлчээр цагдан хорьсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
УБЦТС ХК-ийн инженерийг Эрүүгийн хуулийн 21.5-1 дэх хэсгийн “Гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх, шинжээчээр худал дүгнэлт гаргуулах зорилгоор өөрт нь, ойр дотны хүнд нь ятгасан, шан харамж амласан, өгсөн” хэмээн яллагдагчаар тооцсон аж. Харин Б.Батсүхийг хахууль өгсөн, Б.Мандахбаярыг эрх мэдлээ урвуулж бусдад давуу байдал олгосон хэрэгт хамжигчаар оролцсон хэмээн яллагдагчаар татан шалгаж буй гэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.