Агаарын бохирдлыг бууруулахаар нам даралтын халаалтаар дулаанаа шийддэг сургууль, цэцэрлэгийг төвлөрсөн дулаанд холбох болон халаалтын зууханд шүүлтүүр суурилуулах зэрэг арга хэмжээг холбогдох албанаас хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд БНХАУ-ын "Demister", Монгол Улсын "Мон-китурами" компани Баянзүрх дүүргийн 102 дугаар сургуулийн халаалтын зууханд утаа цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулан, туршиж байна.
утаан дахь тоосонцорыг усаар, хүхрийг соданы уусмалаар саармагжуулж, уур болгож байна гэсэн үг
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Батбямба тэргүүтэй албаныхан өнөөдөр тус төхөөрөмжийн ажиллагаатай танилцлаа.
Зуухнаас гарч буй нүүрсний утааг тусгай хоолойгоор дамжуулан төхөөрөмжид цэвэршүүлнэ. Ингэхдээ сода, ус ашиглаж буйг "Мон-китурами" компанийнхан хэлсэн юм. Тодруулж хэлбэл, утаан дахь тоосонцорыг усаар, хүхрийг соданы уусмалаар саармагжуулж, уур болгож байна гэсэн үг. Хэрэглэж буй бодисоо автоматаар татдаг, хүний оролцоо бараг шаардахгүй эл төхөөрөмж халаалтын зуухнаас гарч буй нүүрсний утааг 98 хувь цэвэршүүлж байгаа гэнэ. Бүх хүчин чадлаараа ажиллахад цагт 7.5 квт цахилгаан зарцуулах ажээ.
Дашрамд дурдахад, Монголын нүүрсний шинж чанарт тохируулан "Demister" компанийнхан уг төхөөрөмжийг тусгайлан үйлдвэрлэсэн бөгөөд үр дүнг нь дүгнэсний дараа овор хэмжээг нь багасгаж, үнэ тогтоох аж.