Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ)-ны Уул уурхайн бодлогын газрын Техник технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатар, тус газрын газрын ахлах мэргэжилтэн Г.Намчинсүрэн, МХЕГ-ын улсын ахлах байцаагч, БОАЖЯ, АМГТГ-ын мэргэжилтнүүд холбогдсон хээл хахуулийн хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж, Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.
УУХҮЯ-ны хэлтсийн дарга Ч.Цогтбаатарын хувьд 2022 оны тавдугаар сард Төв, Хэнтий, Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Меланж”, “Хөх дэл инвест”, “Дамбат”, “Алтан дун Дорнод Монгол”, “Баянчулуут газар”, “Хөх бишрэлт” ХХК-ийн уурхай, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг үзэж, танилцан холбогдох дүгнэлт гаргах комиссын даргаар ажиллахдаа хахууль авсан хэрэгт холбогдоод буй юм. БНХАУ-ын иргэн Фу Пинг Хэнтий аймгийн Батноров сумын V багийн нутаг дахь “Баянчулуут газар” ХХК-ийн хайлуур жоншны ордыг далд аргаар ашиглах уурхайн үйл ажиллагаа эхлүүлэх акт гаргуулахын тулд дээрх хүмүүст хадаг, мөнгөн аяга, тус бүр нэг сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт буруутгагдсан аж. Фу Пинг үүнээс гадна УУХҮЯ-нд ажилладаг Ц.Өлзийжаргал, Т.Тамир нараар дамжуулан албан тушаалтнуудад “урамшуулал” өгснийг ч мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон гэдэг.
Авлигын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бусдаас бэлэг шууд буюу шууд бусаар авах, албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардахыг хориглох заалттай. Дээрх албан тушаалтнууд эдгээрийг зөрчин хадаг, мөнгөн аяга, бэлэн мөнгө авсан учраас ийнхүү яллагдагчаар татагдсан юм байна.
Прокурорын байгууллага энэ сарын 8-12-нд эрүүгийн 190 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор авлигын дөрвөн хэрэг багтсан бөгөөд тэдгээрийн нэг нь УУХҮЯ-ны албан тушаалтнууд холбогдсон дээрх үйлдэл юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.