УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Миний хувьд 2023 оны 12 дугаар сарын 12-ны байнгын хорооны хурал дээр 3.5 мянган иргэндээ 2 их наяд төгрөгийн ногдол ашиг болгон өгөхөд нэг иргэн 580 мянган төгрөг гэсэн болно гэдэг зүйлийг хэлж байсан. Энэ мөнгийг дөрөвдүгээр сарын сүүлээр өгөх байсан. Өнөөдөр хэлэлцэж байгаа тогтоол гарвал энэ мөнгөө Цагаан сарын өмнө өгөх хэрэгтэй. 120 мянган төгрөг өгөх юм шиг байна. Дараа нь 330 мянган төгрөг өгөх юм шиг байна. Ингээд 450 мянган төгрөг өгөх юм байна. 2016 оноос хойш ямар ч ногдол ашиг тараагаагүй. Иргэддээ өгөх ногдол ашгаа 580 мянгаар нь өгнө шүү. Ашиг нь нэмэгдэж байгаа энэ үедээ иргэддээ ашгаа хүртээх ёстой шүү.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:
-Хууль орж ирэхдээ дэлхий дээрх хамгийн сайхан хууль оруулж ирдэг. Гэхдээ хэрэгжихдээ хулгай, луйвар болж хувирдаг. Иргэддээ 1072 хувьцааны хууль ёсны эзэн мөн гэж хэлж өгсөн. Тэгсэн атлаа тэр мөнгийг зарцуулахаа хууль ёсны эздээс нь асуухгүйгээр ямар ч хэрэгцээгүй зүйлд зарцуулаад байна. Иргэдийн амьдрал хүнд байгаа энэ үед ногдол ашгийг тарааж өгөх нь зөв гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Уул уурхайн салбар маань муу нэртэй ч биднийгээ тэжээсээр байна. 1072 хувьцааны ашгийг ард түмэнд амсуулах ажил руугаа явж байна. ТЭЗҮ нь батлагдаагүй төслүүд рүү Эрдэнэс Тавантолгойн ногдол ашиг болох их мөнгийг хууль бусаар Ерөнхийлөгч байсан хүн зарцуулсан гэдэг нь аудитын дүгнэлтээр гарсан байна лээ. Улсын төсвөөс их мөнгийг хэдхэн хүн сууж байгаад л болсон болоогүй төслүүд рүү шийдчихсэн байгаа юм. Ер нь хэзээ жинхэнэ утгаараа хувьцаа болох вэ, захиран зарцуулах эрх нь хэзээ нээгдэх вэ? Энэ компанийн үйл ажиллагаанд иргэд хэзээ орж эхлэх вэ?
Эрдэнэс Монгол ХК-ийн гүйцэтгэх захирал Наранцогт:
-2010 оны хуулиар хувьцааны хэлбэрийг зааж өгөөгүй. Харин өнөөдрийн тогтоолын төслөөр өөрчлөгдөж байгаа. Ашигт малтмалын хуульд зааж өгсөн хөрөнгийн зах зээлд гарах боломж маань нээгдэнэ. Өр ширээ дараад багасгаад явж байна. Одоогоор 4 их наяд төгрөгийн өртэй байна. Түүнчлэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх замаар санхүүжилт хийсэн зүйлс өр төлбөрт тооцогдоод явж байгаа. Тогтоолын төсөл хэрэгжээд эхэлбэл өр төлбөрийн суутган тооцох эрхийг авч цэгцлэх байдлаар оруулж ирсэн байгаа.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Сонгуулийн жил ард түмэндээ хэн илүү хайртай уралдаан явж эхэллээ. Ард түмэнд таалагдах үгсээ хэлж эхэллээ. Бараг бүх хувьцаагаа иргэддээ өгч, ногдол ашиг хуваарилна гэдэг зүйл ярьж байна. Гэхдээ бодит байдал дээр энэ огт өөр асуудал. 4.6 их наядын өр төлбөртэй энэ компани ногдол ашиг тараавал дампуурах эрсдэлтэй. Ногдол ашиг тараасны дараа яах вэ гэдгийг хэн ч ярихгүй байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Баялагийн менежментээ зөв хийх ёстой. Баялагийн сангийн хуулийг нэн яаралтай хэлэлцэх ёстой. Ээлжит бус чуулган зарлаж ч хийж болно. 2012 онд манай улсын нийт хүн ам 2.5 сая байсан. Үүнээс хойш 1 сая хүүхэд төржээ. Эдгээр хүүхдүүдэд энэ хувьцааг олгох гэж байгаа юм. Монгол Улсын иргэд ижил тэгш байх ёстой. Өнөөдрийн энэ тогтоолын төсөлд иргэдэд ногдол ашиг тэгж өгнө, ингэж өгнө гэсэн зүйл байхгүй. Энэ тогтоолын төслийг дараа Баялагийн хуулиа хэлэлцээд 1072 хувьцааны ногдол ашиг хэд болох вэ? хэрхэн тараах вэ гэдэг асуудлаа ярьж болно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.